Мицүаки Тоёода: Бидний үүрэг бол зөвхөн гаднаас шийдэл авч ирэх төдий зүйл биш гэж би үздэг
Японы Хүүхдийг Ивээх Сангийн Шинэ бизнес хөгжил, институцийн түншлэл хариуцсан менежер бөгөөд Монгол дахь хөтөлбөрийн захирал Мицүаки Тоёодатай ярилцлаа.
-Та Монголд 30 жилийн өмнө анх удаа ирж байжээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дахь хүүхэд хамгааллын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн байна вэ. Өнөөдийн нөхцөл байдлыг таны ирж байсан эхний жилүүдтэй харьцуулахад?
-Би Монголд анх 1997 онд өөр нэг байгууллагад хүмүүнлэгийн болон хөгжлийн өргөн хүрээний асуудлаар ажиллахаар ирж байлаа. Тухайн үед Монгол улс нийгэм, эдийн засгийн томоохон шилжилтийн үеийг туулж байсан юм. Олон улсын олон байгууллага, төрийн бус байгууллагууд тус улсын хөгжлийн олон сорилт бэрхшээлийг шийдэхээр ажиллаж байв. Миний санаанд тод үлдсэн хүүхэд хамгааллын нэг асуудал бол, Улаанбаатар хотод хүүхдүүд гудамжинд гарч, зах дээр ажиллаж байсан явдал юм. Тухайн үед олон айл өрх нийгэм, эдийн засгийн хүнд бэрхшээлтэй тулгарч байлаа. Үүний зэрэгцээ, эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, дэмжихэд шаардлагатай тогтолцоо, мэргэжлийн үйлчилгээнүүд дөнгөж л эхний үеийн шатандаа байв. Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсад 1994 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус байгууллага хүүхдүүдэд шууд дэмжлэг үзүүлэхэд анхаарахаас илүү, Монгол Улсад урт хугацаанд хэрэгжих тогтолцоо, шийдлүүдийг бий болгоход дэмжлэг үзүүлсэн юм. Үүний нэг сайн жишээ бол Монгол Улсад анх удаа их сургуулийн түвшинд нийгмийн ажилтны тэнхим байгуулж, мэргэжлийн нийгмийн ажилтны мэргэжлийн чадавхыг хөгжүүлэхэд үзүүлсэн дэмжлэг байлаа. Өнгөрсөн хугацаанд энэ бүхэн орон нутгийн түвшинд хүүхэд хамгааллын тогтолцоог, тэр дундаа засаг захиргааны анх шатны нэгжүүдэд олон салбаруудаас бүрдсэн хамтарсан багуудыг бэхжүүлэхэд тусалсан юм. Би 2007 онд Монгол Улс дахь Хүүхдийг Ивээх Сангийн захирлаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш хүүхэд хамгааллын хууль тогтоомж, бодлого, үйлчилгээ, мэргэжлийн чадавх болон хүүхдийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтод томоохон ахиц гарахын зэрэгцээ, тулгарч буй сорилт бэрхшээлүүд ч мөн өөрчлөгдсөн. Хүүхдийн хүчирхийлэл ноцтой асуудал хэвээр байгаа бол хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, мөн цахим орчин, уур амьсгал, байгаль орчны өөрчлөлтийн нөлөөлөл бүр ч чухал асуудал болж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацааг эргээд харахад Монгол Улсад олон ахиц дэвшил гаргасан гэж боддог. Миний хувьд Хүүхдийг Ивээх Сан хүүхэд, гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй, хүүхдийг хамгаалах, тэдний эрхийг урт хугацаанд дэмжин хангах тогтолцоо, байгууллага болон мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэнд баяртай байдаг.

-2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) талуудын 17 дугаар бага хуралд Японы Хүүхдийг Ивээх Санг төлөөлөн оролцсон хүний хувьд, уг байгууллагын оролцооны гол үр дүн нь юу байсан бэ?
-Миний хувьд хамгийн чухал үр дүнгийн нэг нь цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны тогтвортой байдлын талаарх хэлэлцүүлэгт хүүхэд, залуучуудын байр суурийг илүү тодорхой тусгаж чадсан явдал юм. Эдгээр асуудлыг ихэвчлэн байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засаг болон бусад өргөн хүрээний бодлогын үүднээс авч хэлэлцдэг. Гэхдээ бид эдгээр асуудал хүүхдүүдэд, тухайлбал тэдний боловсрол, эрүүл мэнд, амьжиргаа болон ирээдүйн боломжуудад хэрхэн нөлөөлж буйг анхаарч үзэх ёстой. Монгол Улсын Боловсролын яамтай хамтран “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдвээр зохион байгуулсан зэрэгцээ арга хэмжээнд төрийн байгууллагын төлөөллүүд, хүүхэд, залуучууд болон Хүүхдийг Ивээх Сангийнхан оролцсон. Энэ нь Монгол Улс өөрийн туршлага, нөхцөл байдалд үндэслэн уур амьсгал болон байгаль орчны өөрчлөлтөнд хариу арга хэмжээ авах бодит арга замуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ боловсролоор дамжуулан хүүхэд, залуучуудыг эдгээр сорилтод илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авахад хэрхэн бэлтгэх тухай хэлэлцэх боломж олгосон юм. Өөр нэг чухал үр дүн бол Монгол Улсын Засгийн газартай, ялангуяа Боловсролын яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн явдал байлаа. Хоёр яамны өндөр албан тушаалтнууд оролцсон нь уур амьсгал, байгаль орчны боловсролыг хөгжүүлэхэд нийтлэг сонирхолтой байгааг харууллаа. Би энэ тухай мэдлэг, боловсролыг орон нутгийн иргэд, тэдний уламжлалт арга ухаан болон Монголын байгаль цаг уурын онцлогтой уялдуулах илүү практик арга барилыг багтаасан цаашдын хамтын ажиллагааны бат бөх суурийг бий болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд, COP17-д оролцсоноор хөтөлбөр, судалгаа, бодлогын үйл явцад оролцох болон түншлэлээр дамжуулан цаашид хэрэгжүүлэх бодит боломжуудыг тодорхойлоход тусалсан. Миний хувьд гол санаа нь маш энгийн. Хүүхэд, залуучуудыг зөвхөн уур амьсгал, байгаль орчны өөрчлөлтийн нөлөөнд өртөгчид гэж харах ёсгүй. Тэд шийдэл олох, илүү тогтвортой ирээдүйг бүтээхэд идэвхтэй оролцогчид байх ёстой.

-Та Хүүхдийг Ивээх Сан COP17-д оролцсоноор Монгол Улс болон олон улсын түвшинд, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хүүхдийн эрх, сайн сайхан байдалтай холбон авч үзэх чиглэлээр бидний цаашдын үйл ажиллагаанд ямар шинэ боломжууд нээгдэнэ гэж үзэж байна вэ?
-Уур амьсгал, байгаль орчны боловсролыг зөвхөн танхимын сургалтаар олж авна гэх хандлагыг өөрчилж, илүү өргөн хүрээнд авч үзэх боломж олгож байна. Бид илүү бодит, орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн арга барилуудыг эрэлхийлэх боломжтой болсон. Монгол Улсад, ялангуяа хөдөө орон нутагт сурагчдын насны онцлогт тохирсон, академик сургалтыг практик туршлагатай хослуулсан ажиллангаа суралцах загвар бий болгох боломж бий. Ахлах ангийн сурагчдын хувьд энэ нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын (МСҮТ) нэг хэсэг болгон агро-ойн аж ахуй болон тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлийг багтааж болно. Үүнд мөн Монголын болон олон улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтарсан хөрс, ургамал, экологийн чиглэлээр суралцах, судалгаа хийх, жижиг төвүүдийг байгуулахын зэрэгцээ, мэргэжлийн зааварчилгааны доор тогтвортой, арилжааны зориулалттай газар тариалан болон мал аж ахуйн үйлдвэрлэлд практик туршлага эзэмших боломжийг багтааж болно. Ингэснээр сурагчид шинжлэх ухаан, инновацын талаар мэдлэг, туршлага олж авахын зэрэгцээ уламжлалт арга ухааныг илүү өргөн хүрээний академик мэдлэг, туршлагатай хослуулах боломжтой. Ажиллангаа суралцах ийм арга барилыг олон улсын хэмжээнд аль хэдийнэ нэвтрүүлсэн бөгөөд энэ нь академик сургалтын зэрэгцээ практик туршлагыг боловсролын нэг хэсэг болгон авч үздэг. Ийм төрлийн хөтөлбөрүүдээр дамжуулан сурагчид техникийн болон байгаль орчны талаарх мэдлэгээ дээшлүүлж хариуцлага, багаар ажиллах чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, сахилга бат болон бүтээлч хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгоно. Мэдээж, зорилго нь боловсролын шинж чанартай байхын зэрэгцээ зохих аюулгүй байдал, хяналт, удирдлагаар хангаж ажиллах ёстой. Энэхүү загварыг сургуулийн хоолны хөтөлбөр болон орон нутгийн эдийн засагтай холбох боломж бас бий. Одоогоор сургуулиуд хүнсээ бэлтгэхдээ төрөөс санхүүжилт авдаг бөгөөд уг нөөцийнхөө ихэнхийг Улаанбаатар хот эсвэл тухайн бүсийнхээ төв суурингаас сумдад тээвэрлэж хүргэх шаардлагатай болдог.

Хүнсийг холоос тээвэрлэн авчрахыг хүлээхийн оронд, эдгээр хязгаарлагдмал нөөцийн тодорхой хэсгийг орон нутгийн тогтвортой хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд зарцуулж болно. Сургуулиуд Монголын болон олон улсын хөдөө аж ахуй, хүнс боловсруулах компаниуд, түүнчлэн орон нутгийн тариаланчид болон малчин иргэдтэй хамтран ажиллаж болох юм. Ингэснээр практик боловсролыг орон нутагтаа үйлдвэрлэсэн хүнс, зохистой хооллолт болон тогтвортой амьжиргаатай уялдуулах боломжтой. Сурагчид тогтвортой хөдөө аж ахуй болон байгаль орчныг хариуцлагатай хамгаалснаар хүнсний аюулгүй байдал, нутгийн иргэдийн тэсвэр, орон нутгийн эдийн засагт хэрхэн хувь нэмэр оруулж болохыг өөрсдөө мэдрэх юм. Илүү өргөн хүрээнд авч үзвэл, энэ нь боловсрол, ур чадварын хөгжлийг уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх, орон нутгийн хүнсний тогтолцоо болон хөдөөгийн эдийн засгийн хөгжилтэй уялдуулсан загвар болж болох юм. Хэрэв бид ийм арга барилыг Монгол Улсад боловсруулж, хэрэгжүүлэн үр дүнг нь харуулж чадвал Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаа явуулдаг бусад улс орнуудад уг загварыг тухайн нөхцөл байдалд нь тохируулан хэрэгжүүлэх боломж байгаа. Энэ нь практик боловсролыг орон нутагт үйлдвэрлэсэн хүнс, илүү сайн хоол тэжээл, тогтвортой амьжиргаатай холбож чадна. Тогтвортой хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах нь хүнсний аюулгүй байдал, олон нийтийн уян хатан байдал, орон нутгийн эдийн засагт хэрхэн хувь нэмэр оруулж болохыг сурагчид биеэрээ харах болно.
-Япон, Солонгос, Монголын Хүүхдийг Ивээх Сангийнхан Cop17-д оролцож, хамтран ажилласан. Энэхүү хамтын ажиллагааг хэрхэн тодорхойлох вэ. Энэ хамтын оролцоо нь байгууллагад ямар үнэ цэн, ач холбогдол авчирсан бэ?
-Япон, Солонгос, Монголын Хүүхдийг Ивээх Сангийнхны хамтын ажиллагаа маш үнэ цэнтэй байсан гэж би бодож байна. Баг бүр өөр өөрийн хандлага, туршлага болон мэргэжлийн ур чадвараа харууллаа. Үүний зэрэгцээ Монголын баг нь COP17-д үр дүнтэй оролцоход шаардлагатай ерөнхий мэдлэг, төрийн байгууллагуудтай харилцах харилцаа, үндэсний нөхцөл байдлын талаарх ойлголтыг хэлж өгсөн. Уг хамтын ажиллагаа Хүүхдийг Ивээх Сангийн гишүүд болон багуудын хоорондын хамтын ажиллагааны үнэ цэнийг мөн харуулсан юм. Уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны доройтол нь улс орны хил хязгаараар хязгаарлагддаггүйн адил бидний суралцаж, хөгжих үйл ч мөн улс орны хилээр хязгаарлагдах ёсгүй. Мэдлэг, мэргэжлийн ур чадвар, сүлжээ болон нөөц бололцоогоо хуваалцсанаар бид хүүхдүүдэд тулгарч буй асуудалд илүү үр дүнтэй хариу арга хэмжээ боловсруулах боломжтой. COP17 нь Япон, Солонгос, Монголын Хүүхдийг Ивээх Сангий бусад салбар хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хамтын ажиллагаа цаашид зохиогдох COP-уудын хүрээнд хязгаарлагдахгүй, харин уур амьсгал, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг хүүхдийн эрх, сайн сайхан байдалтай уялдуулсан практик хөтөлбөр, судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаа болон түншлэлийг хөгжүүлэхэд чиглэх ёстой.

-Хүүхдийг Ивээх Сан нийслэлийн Налайх дүүрэгт мод тариалах, ургуулах, арчилах, хүүхэд, залуус, орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцсаны дараа танд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл юу байсан, цаашид энэ төрлийн санаачилгыг хөгжүүлэх ямар боломж байгаа гэж харж байна вэ?
– Хүүхдүүд байгаль орчны талаар зөвхөн анги танхимд суралцаад зогсохгүй, байгаль орчныг нөхөн сэргээж, хамгаалахад оролцож, суралцах үйл явц илүү бодитой болж байгаа нь таалагдсан. Нөгөө талаас, ойг нөхөн сэргээх гэдэг нь зөвхөн мод тарих тухай асуудал биш. Ямар төрлийн мод тохирох, тэдгээрийг хэрхэн тарих, арчилах, мөн экосистем цагийн аясад хэрхэн өөрчлөгддөгийг ойлгохын тулд ойн аж ахуй, хөрс, ус болон экологийн чиглэлийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах шаардлагатай болдог. Энэ бүхэн хүүхдүүдэд мэргэжлийн хүмүүсээс суралцах үнэтэй боломж олгоно. Би энэ төслийг байгаль орчны нөхөн сэргээлт, практик боловсрол, шинжлэх ухааны мэдлэг болон орон нутгийн иргэдийн оролцоог нэгтгэсэн урт хугацааны загвар болгон хөгжүүлж Монгол Улсын бусад бүс нутагт өргөжүүлэх боломжтой гэж харж байгаа.
-Танд манай уншигчидтай хуваалцахыг хүссэн санал бодол, илэрхийлэхийг хүссэн өөр зүйлүүд байна уу?
– Монгол Улс, ялангуяа хөдөө орон нутагт нь олон давуу тал, нөөц, боломжууд нуугдсан байдаг. Бидний үүрэг бол зөвхөн гаднаас шийдэл авч ирэх төдий зүйл биш гэж би үздэг. Харин олон нийтэд өөрсдөд нь байгаа нөөц боломжоо олж харах, өөрсдийн чадвараа танин мэдэх, боломжуудыг тодорхойлох, улмаар тэдгээр боломжуудыг тогтвортой шийдэл болгон хувиргахад нь туслах явдал юм. Хүүхэд, залуучууд бол зөвхөн тусламж дэмжлэг хүртэгчид бус, энэ үйл явцын гол цөмд байх ёстой хүмүүс юм. Тэд суралцаж, өөрсдийн хувь нэмрээ оруулж, бүтээн байгуулж, эх орныхоо ирээдүйг тодорхойлоход туслах боломжтой. Хэрэв бид тэдэнд зөв боломж, мэдлэг, мэргэжлийн ур чадвар олгож, тэдний чадварт итгэвэл, орон нутгийн иргэдийн оролцоонп тулгуурласан шийдлүүд нь шийдлүүд нь хүүхдүүдийн амьдралыг сайжруулж, эдийн засгийг бэхжүүлээд зогсохгүй, ижил төстэй сорилттой тулгарч буй бусад улс оронд урам зориг өгөхүйц маш чухал зүйлийг Монгол Улс харуулж чадна гэж би итгэж байна.

