“Сайн эцэг эх” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх баруун бүсийн сургалт Ховд аймагт боллоо

Хүүхдийг Ивээх Сангаас “Сайн эцэг эх” хөтөлбөр хэрэгжүүлэх бүсийн сургагч багш нар бэлтгэх сургалт зохион байгууллаа. Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарсан А/305, А/172 дугаар тушаалаар хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх “Сайн эцэг эх” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр баталгаажуулсан юм.

Ховд аймагт   2026 оны 10 дугаар сарын 14-15-нд  Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн “Сайн эцэг эх” хөтөлбөрийн чиглүүлэгч багш бэлтгэх сургалт  зохион байгууллаа. Сургалтад таван аймгийн 25 мэргэжилтэн хамрагдан, сургагч багшаар бэлтгэгдэв.

 

Ховд аймагт зохион байгуулагдсан сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслөөс санхүүжүүлэн, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран явуулсан юм. Үндэсний сургагч багш, Боловсролын ерөнхий газрын суралцагчийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, арга зүйч Ж.Болормаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хөтөлбөр, арга зүй хариуцсан мэргэжилтэн Э.Мандах нар сургалтыг чиглүүлж удирдлаа.

Хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлснээр эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хүмүүжүүлэх талаарх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах, хүүхдийн эсрэг бие махбодын шийтгэл болон доромжлон гутаасан харилцааг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн харилцан хүндэтгэл, ойлголцол, хамтын шийдвэр гаргалтыг дэмжиж, хүүхэд бүрийг хүчирхийлэлгүй, аюулгүй, халамж дүүрэн орчинд өсөж хөгжихөд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

 Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нь зөвхөн эцэг эхийн үүрэг бус, хүүхдийн эрхийг хүндэтгэж, хамгаалах нийгмийн хамтын хариуцлага билээ.

“Сайн эцэг эх” хөтөлбөрийн бүсийн сургагч багш нар бэлтгэх сургалт Улаанбаатар хот, Сүхбаатар, Ховд, Дархан-Уул, Өвөрхангай аймагт болсон юм.