Эко клубээс эхэлсэн манлайлал

Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын “Голомт” сургуулийн эко клубийн ахлагч Цогтсаруулын Баясгалан дүүрэн модтой ногоон орчинд амьдрах хүсэл мөрөөдөлтэй. 2024 онд Хүүхдийг Ивээх Сангийн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөлтэй хамтран ажиллах болсноор модыг тарихаас гадна амьдарч буй орчны асуудлаа шийдвэр гаргагчдад хүргэж, үе тэнгийн хүүхдүүдээ байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаанд оролцохыг уриалах нь чухал болохыг ойлгосон байна.

Ц. Баясгалан 2021 онд сургуулийнхаа эко клубт элсэж, орчноо цэвэрлэх, хог ангилан ялгах, мод тарих зэрэг байгаль хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлжээ. Хүүхдийг Ивээх Сангийн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн талаар сургалтуудад хамрагдаж, мод тарьсан байна. Энэ туршлага нь түүний хувьд мод тарихын ач холбогдлыг ойлгож, өөрийн гараар мод тарьж,  байгаль хамгаалах ажилд тууштай оролцохын чухлыг ухаарсан үе байлаа.

“Хоёр жилийн өмнө, энэ төслийг эхэлж байхад би зүгээр л үлгэрт гардаг шиг мод ихтэй орчныг төсөөлж ярьдаг байсан бол одоо өөрөө модоо суулгаж, усалж, арчилж үзсэн. Бид мод тарьдаг гэж ярьдаг ч тарьсан модоо өөрсдөө арчилж, хэдэн жилийн дараах үр дүнг нь харалгүй орхидог гэдгийг ухаарсан. ‘Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал’ гэдэг шиг байгаль орчиндоо зориулж ажил хийвэл ирээдүйд гарах үр шимийг нь хүртэхийн тулд үргэлж хайрлаж, хамгаалж, тордож байх хэрэгтэй гэж боддог болсон” хэмээн Ц. Баясгалан ярив.

Түүний ногоон орчинд амьдрах хүсэл нь одоо зөвхөн мөрөөдөл төдий бус, өөрийн гараар тарьж, ургуулж, хамгаалах бодит зорилго нь болжээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д оролцсон нь

Ц. Баясгалангийн амьдардаг Налайх дүүрэгт тоосжилт ихтэй бөгөөд өвлийн улиралд агаарын бохирдол улам нэмэгддэг байна. Түүний хувьд, энэ нь өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг бодит сорилт юм. Ц. Баясгалан өмнө нь ийм асуудлыг томчууд л шийдэх ёстой гэж боддог байсан бол төслийн хүрээнд мэдлэг эзэмшиж, өөрийн гараар мод тарьсан туршлага нь хүүхдүүд ч өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж чадна гэсэн итгэлийг өгчээ.

 

Тэрээр энэ жил манай улсад болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д Хүүхдийг Ивээх Сантай хамтран оролцож, өөрийн амьдардаг орчны тоосжилт, бохирдлын асуудал болоод түүнийг шийдэх шийдлийн талаар дуу хоолойгоо хүргэсэн юм. Ц. Баясгалан энэ тухай ярихдаа, “Миний хэлэх үг зөвхөн миний биш, энэ асуудал дунд өдөр бүр амьдарч, амьсгалж байгаа надтай адилхан мянга мянган хүүхдийн дуу хоолой юм гэж бодохоор дотор нэг тийм догдлол төрж, өөрөөрөө бахархах мэдрэмж төрсөн” гэлээ. Түүний хувьд, шийдвэр гаргагчдад хүргэсэн үг нь ажил хэрэг болоосой гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд “Хүүхдийн оролцоо гэдэг нь зөвхөн санал бодлоо илэрхийлэхээр хязгаарлагдахгүй. Хүүхдүүдийн амьдралд нөлөөлж буй асуудлыг тэдний өөрсдийнх нь байр сууринаас сонсож, шийдвэр гаргахдаа анхаарах нь чухал” гэдгийг онцолсон.

Бусдадаа мэдлэг түгээв

Ц. Баясгалангийн хүсэл мөрөөдөл зөвхөн өөрийнхөө амьдрах орчныг гоё болгохоор хязгаарлагдахгүй. Харин тэр өөртэй нь адил байгаль хамгаалахыг хүсдэг хүүхэд бүхэнд сурч мэдсэнээ бодитоор хэрэгжүүлэх боломж олдоосой гэж хүсэж байна. “Бид эх дэлхийгээ хамгаалахын тулд заавал том болохоо хүлээх шаардлагагүй. Боломжийг нь л олгочихвол бид яг өнөөдрөөс, яг одооноос эхэлж чадна” хэмээн тэрээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д тавьсан илтгэлдээ онцолсон билээ. Энэ үзэл бодол нь Ц. Баясгалангийн бусад хүүхэдтэй харилцах, мэдлэг түгээх оролцоонд ч илэрч байна.

 

Тэрээр Хүүхдийг Ивээх Сангийн “Олуулаа ойн төгөл бүтээцгээе” кампанит ажлын үеэр эко клубийнхээ бүүтэд бусад хүүхдэд ойн тухай мэдээлэл хүргэсэн юм. Энэ үеэр ярихдаа, хүүхдүүдэд уйтгартай лекц шиг мэдээлэл хүргэхийн оронд ойн ач холбогдлыг тэдний өдөр тутмын амьдрал, тоглоом, сонирхолтой холбон ойлгуулахыг зорьсон гэв. Ийнхүү хүүхдүүд хүүхдүүддээ мэдээллийг сонирхолтой байдлаар хүргэснээр тэдний хандлага ч эерэг сэтгэгдэл төрүүлжээ.  Анх сонирхон ирсэн хүүхдүүд мэдээлэл авсныхаа дараа “Бид хэзээ хамтдаа мод тарих вэ?”, “Танай эко клубт яаж орох вэ?” гэхчилэн асууж эхэлжээ. Түүний хувьд энэ бол өөрийн сурсан зүйлээ бусадтай хуваалцахын үнэ цэнийг мэдэрсэн мөч байв. Нэг хүүхдэд ч гэсэн ойн ач холбогдлыг ойлгуулж, байгаль хамгаалах сэдэл төрүүлэх нь чухал үр дүн юм.

Хүүхэд бүр өөрчлөлтийн нэг хэсэг 

“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл Ц. Баясгаланд байгаль орчноо хайрлан хамгаалах, мод тарьж арчлах бодит мэдлэг олгоод зогсохгүй, өөрийгөө нээх, үзэл бодлоо олон нийтийн өмнө илэрхийлэх, манлайлах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг болжээ. Түүнчлэн түүнтэй ижил зорилготой, байгаль дэлхийдээ хайртай үе тэнгийнхэнтэйгээ хамтран, өөрсдийн оролцоог өргөжүүлэх боломж олгосон байна.

Цаашид Ц. Баясгалан байгаль хамгаалах ажилд улам идэвхтэй оролцож, илүү олон хүүхэд, залуусыг нэгтгэхийг хүсэж байна. Түүний зорилго бол зөвхөн өөрөө мод тарих бус, хүүхэд бүр байгаль хамгаалагч, манлайлагч болж чадна гэдгийг харуулах явдал юм.

Ц. Баясгалангийн байгаль хамгаалах дадал нь ногоон орчинд амьдрах гэсэн энгийн хүсэл мөрөөдлөөс нь эхэлсэн. Хүүхдүүдэд мэдлэгээ бодитоор хэрэгжүүлэх боломж, дэмжлэг, дуу хоолойгоо хүргэх орон зай олговол тэр хүсэл мөрөөдөл нь бодит үйлдэл болж, бусдад ч урам зориг өгч чадна гэдгийг тэрээр үлгэрлэн харуулж байна.