“Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн спринт үйл ажиллагааны сургалт боллоо

Хүүхдийг Ивээх Сан “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-гийн “Хөгжил, Оролцоо, Түншлэл” хөтөлбөрийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулиудад “Би найзаа дэмжинэ” төсөл хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн үе тэнгийн дэмжигчээр нийт 50 хүүхэд бэлтгэгдсэн юм.

“Би найзаа дэмжинэ” сургалтад хамрагдаж, үе тэнгийн дэмжигч болсон сурагчид найз нөхөд, үе тэнгийнхнийхээ сэтгэлийн зовуурийн шинж тэмдгийг таних, тэднийг анхааралтай сонсож, тайвшруулах, сэтгэлийн зовуурь, хэрэгцээг нь таньж ойлгох, шаардлагатай үйлчилгээгээ авахад нь холбон зуучлах чадваруудад суралцдаг.

Ханбогд сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургууль дээр “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн үе тэнгийн дэмжигчид 2026 оны 10 дугаар сарын 21-нд өөрсдийн мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх арга барилд суралцлаа. Үе тэнгийн дэмжигчид “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрөө бусад хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлэх, санаачилгыг нь дэмжихдээ хүүхдийн оролцоонд тулгуурлан, спринт арга зүйг ашигладгаараа онцлогтой юм.

 

Ханбогд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7А ангийн сурагч О.Баттүшиг “Миний хувьд “Би найзаа дэмжинэ” үе тэнгийн дэмжигч бэлтгэх сургалтад хамрагдсанаар олон шинэ найзтай болсон. Бусад хүүхдүүдтэй багаар ажиллах их хөгжилтэй байлаа. Энэ сургалтын үеэр өмнө нь бодож байснаас илүү өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг гэдгээ мэдсэн.  Сургалтад хамрагдахаасаа өмнө нь би өөртөө тохиолдсон хүндрэлтэй хэцүү зүйлээ хэн нэгэнд итгэж ярьж чаддаггүй байсан. Яагаад гэвэл миний нууцыг бусдад тараачих вий гэж санаа зовдог байсан.  Харин энэ сургалтаас асуудал тулгарсан үед итгэдэг найзтайгаа ярилцах, мөн сургуулийнхаа нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нарт хандаж тусламж хүсэх нь зөв гэдгийг ойлгож авсан.  Бид одоо бид “Би найзаа дэмжинэ” сургалтын талаар сургуулийнхаа бусад хүүхдүүдэд ойлгуулахын тулд баг багаараа хүүхдүүдэд сургалт хийх гэж байгаа. Би найзтайгаа хамт сургуулийнхаа 9 дүгээр ангийн ах, эгч нарт сургалт орох гэж байгаадаа маш их баяртай байгаа. Өөрсдийн сурсан зүйлээ бусадтай хуваалцана гэхээр догдолж байна” хэмээн ярилаа.

Төслийн бүхий л үйл ажиллагаа, тэдгээрийн үе шат бүрд хүүхэд, өсвөр үеийнхнийг өөрсдийг нь оролцуулах чухал бөгөөд тэднээс өөрсдөд нь тохирсон санаа гаргахад сургалт чиглэжээ. Ингэснээр эдгээр сурагчид найз нөхөд, үе тэнгийнхэн, орон нутагтаа сэтгэлзүйн анхны тусламжийн мэдлэг, чадварыг хэрхэн түгээх шийдвэрийг өөрсдөө тэргүүлэн гаргах боломж бүрдэж байна.

Сургалтын үеэр сурагчид чиглүүлэгчийн удидлагаар багаар ажиллаж, үе тэнгийнхэн болон орон нутагтаа сэтгэлзүйн анхны тусламжийн мэдээллийг түгээх арга замыг эрэлхийлж, шинэ, бүтээлч шийдэл олох дадалд суралцаж, төсөл боловсруулсан юм. Сурагчдын боловсруулсан төслөөс сургууль тус бүр дээр хоёр буюу нийт дөрвөн төслийг шалгаруулж, төслөөс санхүүжүүлэх юм. Эдгээр төслүүдээ хүүхдүүд өөрсдөө хэрэгжүүлнэ.