Олон талын өгөөжтэй үдийн хоолны хөтөлбөр

Яагаад “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэх болсон бэ?

Монгол Улсад Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан “Үдийн цай” хөтөлбөр 2006-2007 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийг 2021 оноос улс даяар “Үдийн хоол” болгон өргөжүүлсэн байна. Өнөөдөр “Үдийн хоол”хөтөлбөрт зөвхөн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа юм.

Харин “Денан төсөл”-өөс санаачлан, Завхан аймгийн Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургууль дээр хэрэгжүүлж байгаа “Үдийн хоол” хөтөлбөрт 6-12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаагаараа онцлогтой. Уг хөтөлбөрийг эхлэхээс өмнө 6-12 дугаар ангийн 190 сурагчийн дунд судалгаа явуулсан юм. Үүгээр сурагчдын 70 хувь нь хичээлийн цагаар ихэнхдээ өлсдөг,  67.72 хувь нь үдийн завсарлагааны үеэр хоол иддэггүй гэж хариулжээ. Зөвхөн 5.82 хувь нь гэрээсээ хоол авч ирдэг гэжээ. Үүний гол шалтгаан нь сургуулийн эргэн тойронд  хоол авч идэх газар байхгүй, гэрийнхэн нь хоол бэлтгэх завгүй, гэрээсээ хоол авч ирэхэд хүндрэлтэй байв. Сургууль дээр өлөн байх нь сурагчдын суралцах чадварт сөргөөр нөлөөлж байжээ. Сурагчдын 91 гаруй хувь нь хичээлийн өдрүүдэд ихэнхдээ ядарч сульддаг гэж хариулсан бол 88.36 хувь нь хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд тодорхой хэмжээгээр бэрхшээл тулгардаг гэжээ. Түүнчлэн, сурагчдын 83.96 хувь нь тодорхой хэмжээгээр толгой өвдөж, бие сулардаг гэсэн бол 37.44 хувь нь сард нэг удаа хичээлээ тасалдаг гэж хариулжээ. Эдгээрээс харахад сурагчид хичээл дээрээ өлсөх нь анхаарал сулрах, суралцах чадвар буурах, хичээлийн ирц багасах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэгийг харуулсан байна.

Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр болох зорилгоор Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл” байгууллагын санхүүжилтээр Завхан аймгийн Түдэвтэй суманд 2025 оноос эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан үдийн хоолны хөтөлбөрийг 2026 оны 3 дугаар сараас хэрэгжүүлж байна. Үдийн хоолны хөтөлбөрөөс гарсан үр дүнгийн талаар танилцуулья.

 

Хичээл таслалт зогсож, сурлагын чанар сайжирлаа

Завхан аймгийн Түдэвтэй сумын eрөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар цагийн завсарлага эхэллээ. Хүүхдүүд үдийн хоолоо хүлээж, томоотой сууцгаана. Энэ завсарлага бол тэдний хүлээдэг нэг мөч юм. Гаднаас шинэхэн хоолны үнэр ханхалж, жижүүр сурагчид хоол, цай барин орж ирлээ. Сурагчид аягаа барин дараалалд зогсоно. Өнөөдөр ямар хоолтой болохыг тэд сайн мэднэ. Учир нь хоолны цэсийг долоо хоногоор гаргасан байдаг учраас тэр. Үдийн хоолны хөтөлбөр эхлээд удаагүй ч хөдөөний энэ сургуулийн өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болжээ. Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуульд өнөөдөр нийт 315 сурагч суралцаж байна. Үүнээс 6-12 дугаар ангийн дунд, ахлах 10 бүлгийн 200 суралцагч үдийн хоолны хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Хүүхдүүд энэ хөтөлбөрийн ашигтай талуудыг ярьсан юм. 8-р ангийн сурагч Ч.Уранбилэг “Манай ангийнхнаас хичээл тасалдаг хүүхэд байхгүй болсон. Хүүхдүүд хичээлээ сайн ойлгож, сурлагын чанар сайжирч байгаа. Хүүхдүүд үдийн хоолоо цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Хоол амттай байдаг. Ялангуяа махан хоолнууд нь амттай” хэмээн ярилаа. Тэгвэл 8-р ангийн сурагч У.Наранмөнх “Хоол амттай хийдэг тогооч нартаа баярлалаа. Тус төслийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудад баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Хөтөлбөр хэрэгжүүлэхийн өмнө дунд, ахлах ангийн сурагчид өглөөний цайгаа уулгүй хичээлдээ ирэх, хичээлийн дундуур өлсөх, ядрах, ойролцоох дэлгүүр лүү явж дараагийн хичээлээсээ хоцрох, зарим хүүхэд гэр лүгээ шууд явах зэрэг сөрөг асуудлууд түгээмэл тулгардаг байжээ. Харин өнөөдөр эдгээр асуудлууд бүрэн шийдэгдсэн байна. Энэ талаар сургуулийн захирал Ч.Амаржаргал “Сурагчид үдийн хоолны хөтөлбөрт хамрагдснаас хойш хичээл таслалт эрс багаснаас гадна гадна хичээлдээ идэвхтэй оролцож, сурлагын амжилт нь сайжирч байгаа” хэмээн ярьж байна.

Дунд, ахлах ангийн сурагчид үдийн хоолны хөтөлбөрт хамрагдснаас хойш сурлагын чанар шалгалт болон хөндлөнгийн үнэлгээрээ 5 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн сурагчдын ирц 62.6 хувиас 100 хувь болон нэмэгджээ.

Энэ бол үдийн хоолны хөтөлбөрүүдийн олон өгөөжийн зарим нэг жишээ. Үдийн хоолны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд сургуулийн хамт олон бүгд нэг зорилготой ажиллаж байгаа юм. Ангийн багш нар хоол хуваарилах, түгээх, зөөвөрлөж ирэх, хоолны сав бэлтгэх, халдвар хамгаалалтыг баримталдаг бол нярав, нягтлан, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, багш, ажилчид бүгд оролцоно. Сурагчид үдийн хоол идэж эхэлсний дараа авсан судалгаагаар сурагчдын 80 хувь нь хоолыг цэвэр, тав тухтай орчинд хүлээн авдаг гэсэн бол 79 хувь нь хоолны үйлчилгээ, хоолны хэрэгслийн эрүүл ахуйн нөхцөлийг эерэгээр үнэлжээ.

 

Эцэг эхчүүд таатай хүлээн авч, үргэлжлүүлэхийг дэмжив

Үдийн хоолны цэсийг сургуулийн эмч, нийгмийн ажилтан гаргаж, сумын сургуулийн хоол зүйчээр хянуулан, орц, уураг, илчлэгийг тооцдог. Сургуулийн эмч өдөр бүр, эцэг эхийн зөвлөл долоо хоногт нэг удаа хянаж, орц, амт чанарын талаар тэмдэглэл хийдэг байна.  Нэг хүүхдийн нэг өдрийн хоолны зардлын 40 хувийг эцэг эхчүүд төлж, 60 хувийг төслөөс санхүүжүүлдэг. Хүүхдүүд даваа гаригт таван цулын будаатай шөл, цай, мягмар гаригт сүүтэй шөр будаа, үзэмтэй талх, лхагва гаригт гоймонтой хуурга, хярам, пүрэв гаригт бөөрөнхий махтай шөл, талх, цай, харин баасан гаригт гурилан боов, таргаар үйлчлүүлж байна. Хоолны цэсэнд махнаас гадна үр тариа, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ оруулдаг. Завхан аймгийн Түдэвтэй сумын иргэн Т.Ууганбямба “Манай хүүхдүүд 4, 10, 12 дугаар ангид суралцдаг. Хоёр хүүхэд маань үдийн хоолны хөтөлбөрт хамрагддаг. Би хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд маш их анхаардаг. Хүүхдүүд өглөөний 8.30 цагаас өдрийн 13.35 цаг хүртэл хичээлтэй. Үдийн хоол өгдөггүй байхад ихэн хүүхэд өглөөний цайгаа уулгүй гараад, өдөржин өлөн явж байгаад гэртээ харьдаг. Одоо хүүхдүүд 3 дугаар цагийн завсарлагаагаар хоол идсэнэээр эрүүл мэнд нь маш сайн нөлөөтэй байгаа. Сургуулиас өдөр бүр өөр өөр хоолтой цэс гаргасан байдаг тул хүүхдүүд өнөөдөр ийм хоол иднэ гэсэн хүлээлттэй байдаг. Эцэг эхчүүд хоолны зардлын 40 хувийг төлөхөд ямар нэг хүндрэл гардаггүй, энэ хөтөлбөрийг бүх талаас нь идэвхтэй дэмждэг” гэж ярилаа.

Өнөөдөр хоолны зардлын 60 хувийг төслөөс, 40 хувийг эцэг эхчүүд төлж байна. Цаашид хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд сумын төсвөөс зарим хувийг гаргах, эцэг эхчүүд тодорхой хувийг гаргах боломжийг судлах шаардлагатай байгаа юм. Эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр хоолны эрүүл ахуйд тавигдах хяналт сайжирч, өглөө бүр хүүхдийнхээ хоол бэлтгэх, савлах цагаа хэмнэх, өрхийн зардлаа төлөвлөх, хүүхдээ сургууль дээрээ өлсөх байх гэсэн сэтгэл зовохгүй байх олон талын ашигтай. Харин орон нутгийн удирдлагууд сурагчдын хоолны зардлыг орон нутгийн төсөвт тусгах шаардлагатай юм.

Үдийн хоолны хөтөлбөр бусад сургуульд сайн жишээ болж байна

Сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт хамруулснаар эрүүл мэндийг нь дэмжихээс гадна тэдний өсөлт хөгжилд чухал нөлөө үзүүлж байгаа юм. Өлссөн хүүхдийн анхаарал сарниж, хичээл хоцрох, ядрах магадлалтай байдаг. Түдэвтэй сумын сургуульд хүүхдүүдэд халуун хоолоор үйлчилснээр тэдний сурч, боловсроход эерэг нөлөө үзүүлж байгааг мэргэжлийн байгууллагаас талархалтай хүлээн авч байна. Түүнчлэн эцэг эхчүүдийн оролцоотой байгаа тул тэдний зүгээс хоолны амт, чанарт, хяналт тавих, саналаа гаргах боломж бүрдүүлжээ. Тус сургуулиас ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулинд заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, ариун цэвэр, орц нормын шаардлага хангасан хоолоор сурагчдад үйлчилж байгаа аж. Тиймээс аймгийн Боловсролын газраас бусад сургуулиудад туршихаар төлөвлөж байгаа аж.

Завхан аймгийн Боловсролын газрын дарга Д.Бямбацогт “Түдэвтэй сумын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид өдөр бүр халуун хоолоор үйлчлүүлж байна. Эцэг эхчүүд ч талархалтай хүлээн авч байна. Энэ сайн туршлагыг аль болох олон сургууль дээр нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм” гэж хэллээ.

Бага ангидаа (1-5) үдийн хоол идэж хэвшсэн хүүхдүүд дунд, ахлах ангидаа дэвших үедээ хичээлийн үеэр өлсөх, ядрах тохиолдол их гардаг байна. Энэ хөтөлбөр хэрэгжиснээр өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэнд, өвчлөх шалтгаан буурч, хичээл сурлагандаа идэвхтэй болох, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн хамтын оролцоо сайжирах гэх мэт олон давуу талууд бий болжээ. Тиймээс сурагчид, эцэг эхчүүд бүгдээрээ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Хүүхдийн Ивээх Сан, “Денан” төслийн хамт олонд талархлаа илэрхийлсэн юм.