Непалын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд Монгол Улсад туршлага судлах айлчлал хийж байна

Улаанбаатар хот. 2026 оны 10 дугаар сарын 28

Хүүхдийг Ивээх Сан нь 1919 онд байгуулагдсан, хүүхдийн эрх, сайн сайхны төлөө дэлхийн 100 гаруй улсад ажилладаг, шашин, улс төрөөс ангид олон улсын байгууллага юм. Тус байгууллага хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхдийн ядуурал, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламжийн чиглэлээр ажилладаг.

Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсад 1994 оноос үйл ажиллагаа явуулж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, боловсролын тэгш хүртээмж, чанарыг сайжруулах, хүүхэд, залуусын оролцоо, хөгжил, гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн юм. Эдгээр ажлыг төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, иргэний нийгэм болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлдэг бөгөөд бодлогын харилцан суралцах, туршлага солилцох хамтын ажиллагаанд ач холбогдол өгдөг.

   

Непал дахь Хүүхдийг Ивээх Сан Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгээр зохион байгуулж буй Непал улсын Олон улсын төрийн бус байгууллагуудын холбооны (Association of International NGOs, AIN) төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад туршлага судлах айлчлал хийнэ. Айлчлалын хөтөлбөр 10 дугаар сарын 28-нд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёлтой хийх уулзалтаар эхэлж байна.

   

Непалын AIN нь 1996 онд байгуулагдсан бөгөөд 112 гишүүн байгууллагыг нэгтгэсэн, олон улсын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан суралцах үйл ажиллагааг дэмждэг холбоо юм. Тус холбоо Непалын төрийн байгууллагууд, хөгжлийн түншүүд болон үндэсний иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

Айлчлалын зорилго нь Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагуудын эрх зүйн болон бодлогын орчин, төр иргэний нийгмийн хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо, бодлогын нөлөөлөл, байгууллагуудын санхүүжилт, тогтвортой байдлын талаар ойлголт авах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай удирдлагатай уулзах явдал ажээ. Төлөөлөгчид мөн Монгол Улсын холбогдох байгууллагуудтай харилцаа тогтоож, Непал улсын нөхцөлд хэрэгжүүлж болох сайн туршлагаас судлахыг зорьж байна.

Монгол Улсын айлчилж буй бүрэлдэхүүнд AIN-ийн дарга Санжая Дхож Карки, хөтөлбөрийн зохицуулагч Решма Шрестха, бодлогын зөвлөх Агни Прасад Упадхая болон Непал дахь Хүүхдийг Ивээх Сангийн төслийн зохицуулагч Бирендра Кумар Тапа нар багтаж байна.

Тэд айлчлалынхаа үеэр Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан, “Нээлттэй нийгэм форум” болон төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл, туршлага солилцохоор төлөвлөжээ.

Айлчлал өндөрлөсний дараа уулзалтуудын агуулга, хэлэлцсэн асуудал, гол үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэх болно.