“Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн чиглүүлэгч болон хариуцсан ажилтан бэлтгэх сургалт боллоо
Хүүхдийг Ивээх Сан “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөлд ерөнхий боловсролын 18 сургууль, 18 хамтарсан баг сонгогдсон бөгөөд хүүхэд хамгааллын практикт туршигдсан сайн туршлага, нотолгоонд суурилсан арга зүй, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах замаар хүүхэд бүр тэгш хүртээмжтэй, эрхийг нь дээдэлсэн орчинд суралцах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн чиглүүлэгч болон хариуцсан ажилтан бэлтгэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 27-28-нд нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль дээр зохион байгуулав. Уг сургалт “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийг хүүхэд, өсвөр үеийнхэнд чанартай, аюулгүй хэрэгжүүлэх чадавхтай чиглүүлэгчдийг бэлтгэж, үе тэнгийн дэмжигч бэлтгэх сургалтыг төлөвлөн хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг оролцогчдод эзэмшүүлэх зорилготой байлаа.

Сургалтад нийт 71 хүн оролцож, “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн чиглүүлэгч болон хариуцсан ажилтнаар бэлтгэгдлээ. Эдгээр хүмүүс “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн зорилго, агуулга, зорилтот бүлэг, хэрэгжүүлэх орчин, хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх үр өгөөжийн талаар ойлголт мэдлэг эзэмшин, хэрэгжилтийн үеийн ёс зүйн үндсэн асуудлуудыг тайлбарлаж чаддаг болсны зэрэгцээ сургалтын гарын авлага ашиглан үе тэнгийн дэмжигч бэлтгэх сургалтын үе шат, гол үйл ажиллагаа, хэрэгжүүлэх аргачлалыг тодорхойлж, сум, орон нутгийнхаа нөхцөл байдалд нийцүүлэн төлөвлөх чадвартай болсон юм. Түүнчлэн үе тэнгийн дэмжигчдийг сонгох, бэлтгэх, дэмжих, дагалдан чиглүүлэх төлөвлөгөө боловсруулах чадварт суралцав.

Хөтөлбөрийн чиглүүлэгч болон хариуцсан ажилтнаар бэлтгэгдсэн хүмүүсийн сэтгэгдлээс хуваалцъя.
Нийслэлийн ерөнхий боловсролын 39-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш М.Амарзаяа: Сургалт нь сэтгэл зүйн биеэ барих, хүнд сэдвийн дараах уналт зэргийг тооцоолсон, сэргээх тоглоом зэргийг багтаасан сэтгэл зүйн, маш мэдрэмжтэй судалгаатай сургалт байлаа. Энэ сургалтад сууснаараа өөрийгөө огт бодож байгаагүйгээрээ буюу хүүхдийн өнцгөөр харж чадахгүй хайрцлагдсан сэтгэлгээтэй болсоноо ойлголоо. Мөн сэтгэл зүй, бие физиологийн онцлогийг илүү судалж хөгжих шаардлагтай байгаагаа ойлголоо. Хүүхэд бол ирээдүй. Харин түүний хамгийн чухал эрхтэн бол сэтгэл зүй юм.
Нийслэлийн 53-р сургуулийн дизайн, технологийн багш У.Ууганбаяр: Сургалтаар хүүхдийн хөгжил, нийгэм; эерэг орчныг бүрдүүлэх чухал дэмжлэг болж байна. Сургалтын үйл ажиллагаа нь ойлгомжтой, сонирхолтой, хүртээмжтэй сайн сургалт боллоо.
Нийслэлийн 53-р сургуулийн багш Б.Дэлгэрмаа: Сэдэв агуулгын хүрээнд олж авах ёстой мэдлэг, чадварыг хөтөлбөрийн дагуу цагтаа багтаан ойлгомжтой, дэлгэрэнгүй олж авч чадсандаа баяртай байна. Чиглүүлэгч багш болон бэлтгэгдэж буй бидэнд цааргалах зүйлгүй асуулт болгонд ойлгомжтой, дэлгэрэнгүй хариулж, тусалж дэмжсэн хоёр багшдаа баялалаа. Сургууль дээрээ очоод хэрэгжүүлж чадах хэмжээнд очно гэдэгтээ итгэлтэй байна.
Баянзүрх дүүргийн ХГБХХХ-ийн xүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн Д.Энхтуул: Энэ хөтөлбөр нь эрсдэлт нөхцөлд байгаа, яаралтай тусламж хэрэгтэй хүүхдэд түргэн шуурхай сэтгэл зүйн анхан шатны тусламж, дэмжлэг үзүүлэх, холбох, хүүхдийг хамгаалах ач тустай хөтөлбөр, сургалт байна. Сургалтын арга зүйн хувьд олон улсын хөтөлбөр бөгөөд чиглүүлэгч багш, хариуцсан ажилтан, дэмжигч хүүхдүүдийг бэлтгэхэд ойлгомжтой бүх хэрэгтэй мэдээлэл, арга зүйг тусгасан нэгдсэн ойлголт өгөхөөр гарын авлага бэлтгэн гаргаж өгсөн байна. Энэ нь сэтгэлд илүү түшигтэй, итгэлтэйгээр хэрэгжүүлэхэд туслах хэрэгний зөвлөмж, мэдээлэл, арга зүй, гарын авлага юм байна. Баярлалаа.

