Непалын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд Монгол Улсад туршлага судлах айлчлал хийлээ

Хүүхдийг Ивээх Сан нь 1919 онд байгуулагдсан, хүүхдийн эрх, сайн сайхны төлөө дэлхийн 100 гаруй улсад ажилладаг, шашин, улс төрөөс ангид олон улсын байгууллага юм. Тус байгууллага хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, чанартай боловсрол эзэмших, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалуулах, өөрт хамаарах асуудлаар дуу хоолойгоо хүргэх эрхээ эдлэхийн төлөө хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн ядуурлыг бууруулах болон хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ажилладаг.

Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсад 1994 оноос үйл ажиллагаа явуулж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, боловсролын тэгш хүртээмж, чанарыг сайжруулах, хүүхэд, залуусын оролцоо, хөгжил, гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Эдгээр ажлыг төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, иргэний нийгэм болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлдэг бөгөөд бодлогын харилцан суралцах, туршлага солилцох хамтын ажиллагаанд ач холбогдол өгдөг.

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангаас Непал улсын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг Монгол Улсад туршлага судлах айлчлалыг 2026 оны 10 дугаар сарын 28-30-нд зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь Монгол болон Непал улс дахь Хүүхдийг Ивээх Сангийн хамтын ажиллагааны хүрээнд явагдсан юм. Непалын AIN (Association of International NGOs in Nepal) буюу Олон улсын ТББ-уудын Холбоо нь 1996 онд байгуулагдсан, одоогоор 112 гишүүн байгууллагыг нэгтгэсэн, тус улсад ажиллаж буй олон улсын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан суралцах үйл ажиллагааг дэмждэг холбоо юм. Тус холбоо Непалын төрийн байгууллагууд, хөгжлийн түншүүд болон үндэсний иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг ажээ.  Тус айлчлал нь Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагуудын эрх зүйн болон бодлогын орчин, төр–иргэний нийгмийн хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо, бодлогын нөлөөлөл, байгууллагуудын санхүүжилт, тогтвортой байдлын талаар ойлголт авах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзах, Монгол Улсын холбогдох байгууллагуудтай харилцаа тогтоож, Непал улсын нөхцөлд хэрэгжүүлж болох сайн туршлагаас судлах зорилготой байв. Монгол Улсын айлчлаж буй бүрэлдэхүүнд AIN-ийн Тэргүүн Санжая Дхож Карки, хөтөлбөрийн зохицуулагч Решма Шрестха, бодлогын зөвлөх Агни Прасад Упадхая болон Непал дахь Хүүхдийг Ивээх Сангийн төслийн зохицуулагч Бирендра Кумар Тапа нар багтсан байв.

  

Төлөөлөгчид айлчлалаа 2026 оны 10 дугаар сарын 28-нд Монгол дахь Хүүхдийг Ивээх Санд зочилсноор эхлэв. Энэ үеэр Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн тухай болон  хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, хамтын ажиллагааныхаа талаар  ярилцав. Улмаар зочид Монгол Улсын Төрийн ордонд зочлон, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой уулзаж, Монголын парламентын хууль тогтоох явц, олон нийтийн хэлэлцүүлэг болон Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл авсан юм. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Монголд олон тооны төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ч ихэнх нь санхүүжилтэд хүрэх боломж хязгаарлагдмал, олон нийтэд танигдах байдал нь ч сул байгаа. Зарим төрийн бус байгууллага нийгмийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан бол, заримыг нь улс төрчид төрийн албанаас гарсныхаа дараа үүсгэн байгуулсан тохиолдлууд бий” хэмээн яриандаа онцлов.

Түүнчлэн “Нээлттэй нийгэм форум”-ын Боловсрол, нийгмийн бодлогын хөтөлбөрүүдийн менежер А.Гэрэлмаа, хөтөлбөрийн зохицуулагч Б.Ундармаа нартай уулзан, бодлогын нөлөөлөл, олон нийтийн оролцоо, ил тод байдал болон иргэний нийгмийн өмнө тулгарч буй сорилтуудын тухай ярилцсан юм.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраар зочилж, Монгол Улсад төрийн бус байгууллага, холбоодыг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа, шинээр бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг, бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, байгууллагыг татан буулгахтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт, бүртгэлийн үйл явц болон практикт тулгардаг нийтлэг асуудлаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш, ахлах бүртгэгч Д.Лхагвасүрэн, бүртгэгч Б.Гэрэлзул нар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцов. Уулзалт харилцан мэдээлэл солилцсон, үр өгөөжтэй ажил хэрэгч уулзалт боллоо.

Тус багийнхан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Гадаад хамтын ажиллагааны тасгийн дарга Л.Мандваа нартай уулзаж, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хэрэгжилт, хүний эрх хамгаалагчдын эрх зүйн баталгаа, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хүний эрхийн зөрчлийг мэдээлэх, хяналт тавих тогтолцооны талаар мэдээлэл солилцож, туршлага хуваалцав.

Мөн өдөр Монфемнет Үндэсний Сүлжээнийхэнтэй уулзаж,  үндэсний хэмжээнд төрийн бус байгууллагын эвсэл байгуулах, нөлөөллийн ажил болон тогтвортой байдлын талаарх мэдээлэл авлаа. Энэхүү уулзалтад Монфемнет Үндэсний Сүлжээг төлөөлөн хөтөлбөрийн менежер Д.Должинсүрэн, хөтөлбөрийн ажилтан У.Нямсүрэн нар оролцож, тус байгууллага нь эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш байдал, нийгмийн шударга ёсыг хангахын төлөө ажилладаг 22 байгууллагын гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, нам бус, төрийн бус байгууллага болох, нийгмийн бүх хүрээг хамарсан, олон нийтийн өргөн оролцоотой, ардчилсан, нээлттэй, зоримог, тууштай жендэрийн тэгш эрх, шударга ёсны төлөө үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүч болох зорилготой ажилладаг талаараа танилцуулав.

 

Түүнчлэн, Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг “Далив Хутагт сан” ТББ-ын удирдлагатай уулзав. Энэ үеэр тус сангийн Гүйцэтгэх захирал Б.Урангоо Засгийн газартай хэрхэн хамтран ажиллаж байгаа, олон нийтэд чиглэсэн хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилтийн практик туршлагаа хуваалцаж, цаашдын үйл ажиллагааны тогтвортой байдлын талаар талаараа тайлбарлав.

Непалын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд 2026 оны 10 дугаар сарын 30-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөллүүдтэй уулзсан юм. Тус яамны Хуулийн хэлтсийн дарга Д.Энхтуул, Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан шинжээч Ө.Гэрэлт-Од нар яамны үндсэн чиг үүргийг танилцуулж, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах чиг үүрэг, төрөөс санхүүжилт олгох, нийгмийн үйлчилгээг гэрээгээр хэрхэн гүйцэтгүүлдэг талаараа мэдээлэл өгсөн юм.

Тус багийнхан аяллаа өндөрлөхийн өмнө 2026 оны 10 дугаар сарын 30-нд Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн удирдлагын багийнхантай уулзаж, Монгол дахь айлчлалынхаа үр дүнгийн талаар ярилцлаа. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай Засгийн газар, хувийн хэвшилтэй үр дүнтэй хамтран ажиллаж байгаа туршлагаа хуваалцахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны талаараа ярилцав. Энэ талаар Л.Баян-Алтай хэлэхдээ “Непал улсын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлийн айлчлал Монгол улсад маш амжилттай болсонд маш их баяртай байна. Хоёр улсын холбогдох төрийн бус байгууллагуудын хувь бие биенээсээ суралцах, туршлага хуваалцах зүйл их байгааг харлаа. Цаашид бид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, Монголын талаас Непал улсад туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах боломжийг судлахаар боллоо“ гэлээ.

 

Айлчлалынхаа үр дүнгийн талаар AIN-ийн Тэргүүн Санжая Дхож Карки “Юуны өмнө, энэхүү айлчлалыг зохион байгуулсан Монгол болон Непал улс дахь Хүүхдийг Ивээх Санд,  санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Европын Холбоонд талархал илэрхийлье. Энэхүү айлчлал Монгол Улс дахь иргэний нийгмийн үйл ажиллагааны орчинтой танилцах, түүнчлэн Непал улсад хуримтлуулсан туршлагаа хуваалцах үндсэн зорилготой байлаа. Бид айлчлалын эхний өдрөөс л Улсын Их Хурлын гишүүн болон хууль зүй, хүний эрхийн зэрэг төрөл бүрийн байгууллагын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзаж, холбогдох төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй ярилцах боломж олдсон нь маш үр дүнтэй байлаа. Бид эндээс олон үнэ цэнтэй туршлага олж авсан.  Айлчлалаар цаашид Непал болон Монголын иргэний нийгмийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох эхлэл болно гэж найдаж байна. Бид энэ айлчлалыг маш сайн суралцах боломж гэж үзэж байгаа бөгөөд олж авсан мэдлэг, туршлагаа Непал дахь Олон улсын төрийн бус байгууллагуудын холбооны гишүүд, бусад төрийн бус байгууллагууд болон Засгийн газрынхантайгаа хуваалцах болно. Мөн удахгүй Монголын иргэний нийгмийн салбарын өндөр түвшний төлөөлөгчдийг Непал улсад хүлээн авна гэдэгтээ найдаж байна” хэмээн ярилаа.

 

Харин бодлогын зөвлөх Агни Прасад Упадхая “Би Непал улс дахь Олон улсын төрийн бус байгууллагуудын холбоо буюу AIN-д бодлогын зөвлөхөөр ажилладаг. Бид Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр иргэний нийгмийн өнцгөөс олон чухал зүйлийг, тэр дундаа иргэний орон зайтай холбоотой асуудлуудыг мэдэж авлаа. Хөтөлбөрийн хүрээнд маш үр өгөөжтэй хуралдаанууд, харилцан яриа, хэлэлцүүлгүүд өрнөхийн зэрэгцээ УИХ-ын гишүүн, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд болон бусад олон төлөөлөлтэй уулзах боломж олдсон юм. Богино хугацаанд багтаан зохион байгуулсан эдгээр үйл ажиллагаа, хөтөлбөр нь бидэнд маш их ач холбогдолтой байлаа. Зохион байгуулагчид, ялангуяа хариуцсан хүмүүс маш эелдэг, ойлгоц сайтай, хамтран ажиллахад нэн таатай, дэмжлэг туслалцаа их үзүүлсэнд талархаж байна. Энэ бол үнэхээр гайхалтай туршлага байлаа. Бид эндээс маш чухал мэдлэг, туршлага авч, эх орон руугаа буцаж байна. Дүгнэж хэлэхэд, бүх зүйл үнэхээр сайхан байлаа. Маш их баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Ийнхүү Непал улсын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийн 2026 оны 10 дугаар сарын 28-30-нд Монгол Улсад хийсэн туршлага судлах айлчлал амжилттай өндөрлөв.