Үе тэнгийн дэмжигчид дээрэлхэлтийн эсрэг шийдлийн нэг хэсэг болж байна
Хүүхдийг Ивээх Сан “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-гийн “Хөгжил, Оролцоо, Түншлэл” хөтөлбөрийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын хоёр сургуульд “Би найзаа дэмжинэ” төслийг хэрэгжүүлсэн юм.
Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7-8 дугаар ангийн 25 сурагч “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрт хамрагдан үе тэнгийн дэмжигч болжээ. Тэд сэтгэлээр хямарсан, асуудал бэрхшээл тулгарсан найзуудаа хэрхэн сонсох, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх, хүний нууцыг хэрхэн хадгалах, шаардлагатай үйлчилгээнд хэрхэн холбон зуучлах ур чадварт суралцсан байна. Сургалтын дараа хүүхдүүд “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Спринт үйл ажиллагаанд оролцож сургуулийнхаа хүүхдүүдэд тулгарч буй асуудлуудыг өөрсдөө тодорхойлон, тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлүүдийг хамтдаа эрэлхийлсэн юм. Энэхүү Спринт аргачлал нь хүүхдүүд өөрсдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон эрэмбэлж сонгон, шийдлээ өөрсдөө боловсруулахад чиглэдэгээрээ онцлогтой. Санаагаа уралдуулсан хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүд сургуулийн орчинд тулгардаг олон асуудлыг гаргасан байна. Гэхдээ тэдгээрээс хамгийн олон хүүхдэд нөлөөлж байгаа асуудал нь үе тэнгийн дээрэлхэл болохыг тэд онцолсон. Үе тэнгийн дээрэлхэлд өртсөн хүүхдүүд хаана, хэнд, хэрхэн хандах, гэрч болсон хүүхдүүд нь найзаа хэрхэн дэмжихээ төдийлөн сайн мэдэхгүй нь тэдний анхаарлыг хамгийн их татжээ. Ингээд хүүхдүүд сэтгэл зүйн анхны тусламжийн “Харах, Сонсох, Холбох” зарчимд суурилан энэ асуудлыг бууруулахад чиглэсэн “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтдаа” бичил төслийг санаачлан эхлүүлжээ. Үе тэнгийн дэмжигчид өөрсдөө таван багт хуваагдан сургагч болж сургуулийнхаа 6-11 дүгээр ангийн 18 бүлгийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлтийн талаар сургалт явуулж байна.

Сургалтаар дээрэлхэлтийн мэдлэг олгох, өртсөн хүүхдүүдийг тусламж, үйлчилгээтэй холбон найзаа дэмжих мэдлэг олгож байгаа юм. Хүүхдүүдийн санаачилсан энэхүү бичил төслийн үйл ажиллагаа хэрэгжиж хараахан дуусаагүй байгаа ч үе тэнгийн дэмжигчид Сэтгэл зүйн анхны тусламжийн мэдээллийг түгээн дэлгэрүүлж, тусламж хэрэгтэй байгаа үе тэнгийнхэнтэйгээ аюулгүйгээр холбогдох гүүр болж эхэлжээ. Хүүхдүүдийн санаачлан хэрэгжүүлж буй энэ бичил төсөл нь тэд асуудлаа тодорхойлж, шийдлээ боловсруулж, хэрэгжүүлж чаддаг болохыг харуулсан оролцооны бодит жишээ юм.
Багийн гишүүн, 8 дугаар ангийн сурагч Л.Тэргэл: Эхлээд чиглүүлэгч багш нар үе тэнгийн дэмжигч болох сурагчдад гурван өдрийн сургалт явуулсан. Сургалт их сонирхолтой, ойлгомжтой байсан. Бид найзаа хэрхэн дэмжих, нууцыг нь хадгалах, итгэлийг нь даах, өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү асуудал тулгарвал итгэдэг хүндээ хэлэх зэрэг олон зүйлийг сурсан. Дараа нь Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд бидэнд сурсан мэдлэгээ бусад хүүхдэд хэрхэн хүргэх талаар сургалт явуулсан. Бид хамтдаа ярилцаад хамгийн их тулгардаг асуудлын нэг болох үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажиллахаар шийдсэн. Учир нь манай сургуульд ч ийм асуудал бий.
Багийн гишүүн, 8 дугаар ангийн сурагч Э.Энх-Эрдэнэ: Үе тэнгийн дээрэлхэл нь хүүхэд бүрд ямар нэг байдлаар хамаатай учраас сурагчид сургалтад идэвхтэй оролцож байгаа. Анхааралтай сонсож, сонирхсон зүйлээ асуудаг. Манай баг 9 дүгээр ангийн гурван бүлэгт сургалт явуулж байна. Сургалтад хамрагдсанаар хүүхдүүд дээрэлхэлт гэж юу болох, ийм зүйл тохиолдвол хаана, хэнд хандахаа мэдэж авна. Мөн бидэнд хандаж болно. Шаардлагатай тохиолдолд нийгмийн ажилтан, багштай холбож өгнө. Бид зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна хүүхдүүд өөрсдөө дээрэлхэлтэд өртөж байгаа эсэхээ ойлгож, тусламж хүсэж сурахад нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нар “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн чиглүүлэгчээр бэлтгэгдсэн юм. Эдгээр чиглүүлэгчдийн нэг бол нийгмийн ухааны багш О.Бадамханд. Түүний хувьд “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтдаа” бичил төслийн чиглүүлэгчээр ажиллаж байна.
Нийгмийн ухааны багш О.Бадамханд: Спринт үйл ажиллагааны үеэр хүүхдүүд маш олон сонирхолтой санаа гаргаж байсан. Тэднийг хоёр багт хуваахад нэг багаас л 7-10 санаа гарч ирж байлаа. Тэд өөрсдийн оролцоотойгоор шийдвэрлэж болох сургуулийн болон орон нутгийн асуудлуудыг тодорхойлсон. Энэ явцдаа хүүхдүүд аливаа аюулыг таних, эрсдэлийг тооцоолох чадварт суралцаж байна. Олон санаанаас нэгийг сонгох, санал бодлоо нэгтгэхэд багагүй хугацаа зарцуулсан. Заримдаа санал зөрөх ч үе гарсан. Гэхдээ эцэст нь бүгд нэг зорилгын дор нэгдэж чадсан.
Сурагчид дээрэлхэлтэд өртсөн найзаа анзаарч, сонсож, дэмжихийн зэрэгцээ шаардлагатай үед тусламж, зөвлөгөө авах боломжийг нь бүрдүүлэхийг зорьж байна. Ингэснээр хүүхдүүд асуудлаа нууж, ганцаараа даван туулах гэж оролдохын оронд үе тэнгийнхэн болон итгэдэг томчуудад хандаж сурах юм.
Үе тэнгийн дэмжигчээр бэлтгэгдсэн 25 сурагч цаашдаа клуб байгуулахаар болжээ. Энэ нь зөвхөн нэг удаагийн төсөл, сургалтаар хязгаарлагдахгүй, цаашид ч хүүхдүүд олон зүйлийг хамтдаа бүтээх эхлэл болж байна.
Учир нь дээрэлхэлтийг зогсооход хүн бүрийн оролцоо чухал. Заримдаа найзыгаа сонсох, дэргэд нь байх, тусламж хүсэхэд нь дэмжих нь хамгийн том тус болдог.


