О.Бадамханд: “Би найзаа дэмжинэ” бол өнөөгийн нөхцөлд тохиромжтой, хэрэгжүүлэх боломжтой, сайн арга зүйтэй хөтөлбөр
Хүүхдийг Ивээх Сан “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-гийн “Хөгжил, Оролцоо, Түншлэл” хөтөлбөрийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулиудад “Би найзаа дэмжинэ” төсөл хэрэгжүүлсэн билээ. Уг төслийн хүрээнд “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэсэн бөгөөд тэдний нэг нь О.Бадамханд юм.
Чиглүүлэгч багш болсон тухайгаа…
Юуны өмнө өөрийгөө танилцуулъя. Намайг О.Бадамханд гэдэг. Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн нийгмийн ухааны багш. “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан чиглүүлэгч бэлтгэх сургалтаар хүүхэд, өсвөр үеийнхэнд тусламж хэрэгтэй найзаа таньж мэдэх, аюулгүйгээр дэмжих, шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбох ур чадварыг хөгжүүлэх арга зүйд суралцсан. Сургалтын дараа бусад багш нарынхаа хамт сургуулийнхаа 7; 8 дугаар ангийн 25 сурагчийг үе тэнгийн дэмжигчээр бэлтгэх гурван өдрийн сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалтыг зохион байгуулахад миний хувьд харьцангуй хялбар байлаа. Учир нь Хүүхдийг Ивээх Сангаас сургалтын онолын мэдлэгээс гадна дадлага хийх боломж олгож, хэрэгжүүлэх аргачлал, алхамчилсан гарын авлагаар хангасан учраас арга зүйг нутагшуулахад нэлээд дөхөм болсон. Ялангуяа энэ аргачлалын нэг онцлог нь хүүхдийн оролцоог эхнээс нь хангадагаараа надад онцгой санагдсан. Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдийн эцэг эхээс зөвшөөрөл авч, хүүхдээс өөрөөс нь оролцох хүсэл сонирхлыг нь асууж, сайн дурын үндсэн дээр сонгон оролцуулдаг. Мөн сургалтын үеэр хүүхдүүдийн үзэл бодлыг сонсож, өөрсдөө санал гаргах, багаар шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг нь хүүхдүүдийг илүү идэвхтэй оролцогч болгодог гэж боддог. Сургалтад бүлгээр ажиллах, дасгал, хэлэлцүүлгийн аргыг түлхүү ашигласан нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт сайн тохирч байсан. Үүний үр дүнд хүүхдүүд сургалтын явцад идэвхтэй оролцож, агуулгаа амархан ойлгож хүлээн авч байлаа. Анх сургалт эхлэх үед зарим хүүхэд өөрийгөө илэрхийлэхээс санаа зовдог, өөртөө итгэлгүй, олны өмнө үзэл бодлоо чөлөөтэй хэлж чаддаггүй нь ажиглагдсан. Тэр дундаа өмнө нь ямар нэгэн клуб, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй хүүхдүүд нэлээд байсан. Гэвч сургалтын дараа хүүхдүүдийн өөрийгөө үнэлэх, бусадтай нээлттэй харилцах, байдал миний бодлоор мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Үе тэнгийн дэмжигчдийг мэдлэгээ бусад хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Хүүхдийг Ивээх Сангаас зохион байгуулсан Спринт арга зүйн сургалтын дараа хүүхдүүд илүү нээлттэй болж, бие биеэ сонсох, багаар ажиллах, санаачилга гаргах зэрэг чадварууд нь хөгжиж байгааг олж харсан.

Энэ 25 сурагч бол 7, 8 дугаар ангийн нийт 7 бүлгийн хүүхдүүдээс бүрдсэн бөгөөд тэдний арав гаруй нь өмнө нь иймэрхүү арга хэмжээнд оролцож байгаагүй, хичээлээсээ хоцордог, өөртөө төдийлөн итгэл муутай хүүхдүүд байсан. Төслийн сургалтад хамрагдсаны дараа тэд өөрсдийн санаачилсан “Эерэг нөлөө-найдвартай найз” бичил төсөлт аяныг хэрэгжүүлж байгаагаас харахад идэвх санаачилга, урам зориг нь нэмэгдсэн. Тухайлбал, нэг охин хичээлдээ түлхүү анхаардаг болсон, түүнчлэн анги хамт олонтойгоо, чөлөөтэй харилцаж, бусад хүүхдүүдэд сургалт явуулсан нь нэг хүүхдэд ч гэсэн бодит эерэг өөрчлөлт гаргасан жишээ болсон гэж бодож байна. Би эдгээр 25 хүүхдийн эцэг эхтэй холбогдож, сургалт, үйл ажиллагааны мэдээллээ өгсөн. Дараа нь судалгаа хийхэд бүгд л сэтгэл ханамжтай байсан юм. Хэдийгээр 25 хүүхэд харагдаж байгаа ч, тэдний эцэг эх, цаана нь дунд, ахлах ангийн 500 гаруй хүүхдэд нөлөөлөх боломж бүрдэж байгааг харуулж байна. Тэгэхээр энэ бол чамгүй үр дүн. “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн гарын авлага өнөөгийн нөхцөлд тохирсон, алхамчилсан заавартай, нарийн тодорхой практик агуулгатай санагдсан. Тиймээс сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нарт ч тустай хүүхдийн оролцоог дэмжихэд тохиромжтой арга хэрэгсэл гэж бодож байна.
Төслийн чиглүүлэгчээр ажилласан тухайгаа…
Хүүхдүүд бүтээлчээр сэтгэдэг болсон талаарх яриагаар эхэлье. Бид Спринт арга зүйг хэрэгжүүлж үе тэнгийн дэмжигч хүүхдүүд бусад хүүхдүүдэд ямар асуудал түгээмэл тулгарч байгаа, уг асуудлуудыг шийдвэрлэх ямар боломж байгаа талаар ажилласан юм. Тухайлбал нэг баг нь л гэхэд өөрсдийнхөө түвшинд, өөрсдийн оролцоотой шийдэж чадна гэсэн орон нутаг, сургуулийн орчинд хүүхдүүдэд тулгарч байгаа 7-10 асуудал дэвшүүлж байсан. Эндээс хүүхдүүд аливаа аюулыг таних, эрсдэлийг тооцоолох чадварт суралцаж байгаа. Дараа нь бидний оролцоотой шийдэх асуудал нь энэ байна гээд нэг асуудал дээр тогтсон. Өөрсдийн хэрэгжүүлэх бичил төслийн санааг сонгон нэгтгэхэд тодорхой хугацаа зарцуулж, зарим үед санал зөрөлдөх зүйлүүд ч гарч байлаа.

Хүн хэн нэгэнд тус хүргэж, сэтгэлийг нь зассандаа баяртай байдаг ш дээ. Хүүхдүүд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх, холбон зуучлах гээд олон үйлдэлдээ сэтгэл ханамжтай, өндөр сэтгэгдэлтэй байгаа. Хүүхдүүд үеийнхэндээ сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх ур чадварт суралцаж, түүнийгээ түгээн дэлгэрүүлж байна. Өсвөр насны хүүхдүүдийн онцлог нь өөрийн нууц, санаа зовоосон зүйлээ багш, эцэг эхдээ хэлэхээс илүүтэй найздаа л хамгийн түрүүнд ярьдаг. Тиймээс “Би найзаа дэмжинэ” хөтөлбөр бол хүүхдүүдийн оролцоотойгоор хүүхдийг тусалж дэмжих, хувь хүний ур чадварыг нь хөгжүүлэх зөв сонголт.

Багш О.Бадамханд “Би найзаа дэмжинэ”хөтөлбөр сурагчид өөртөө итгэлтэй болох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, багаар ажиллах, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх, шаардлагатай үед холбон зуучлах чадвартай болсон нь төслийн бодит үр дүн хэмээн дүгнэлээ. Мөн “Би найзаа дэмжинэ”хөтөлбөр бол сургуулийн орчинд хэрэгжүүлэх боломжтой, өнөөгийн нөхцөлд тохиромжтой сайн арга зүй хэмээн ярив.

