Сургуулиудын хоол зүйч, тогооч нар сургалтад хамрагдлаа

БШУЯ-ны Суралцагчийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Боловсролын ерөнхий газар, “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль хамтран “Сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний газрын хүний нөөцийг чадавхжуулах” сургалтыг 2023 оны 1 дүгээр сарын 23-24-нд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль дээр зохион байгууллаа. Уг сургалтад “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөлд хамрагдаж байгаа нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын 45 сургуулийн нийт 135 удирдлага, хоол зүйч, тогооч нар хамрагдлаа.

Хүүхдийг Ивээх Сангийн төслийн зохицуулагч А. Баярмаа “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажилтнуудын шим тэжээллэг, тэнцвэртэй хоол хүнс бэлтгэх жор боловсруулах, технологийн аргачлалыг эзэмшүүлэх, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал мөрдөж ажиллах, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа ашиглалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх юм” хэмээн сургалтын зорилгоо танилцуулсан юм.

Улаанбаатар хот болон орон нутгийн бүх суралцагчид эхний өдөр онолын мэдлэгээ цахимаар авч, нийслэлийн 15 сургуулийн 30 оролцогч хоёр дахь өдрийн дадлагаа ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн лабораторид, хөдөө орон нутгийн суралцагчид ажлын байрандаа явууллаа. Энэ үеэр тусгай хэрэгцээт хүүхдийн өдрийн хоолны иж бүрдэл болон үндсэн хоол, шөл, хачир, нарийн боов бэлтгэх дадлага хийв.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн багш, сургалтын мастер багш Г. Долгорсүрэн “Миний хувьд сургалтын хоолны дадлага хичээлийг удирдан явуулж, тогооч нартаа машиндсан махан хоолыг овьёос болон гурвалжин будаагаар баяжуулах, сүмсний ач холбогдол, төмсний нухшийг шар хулуугаар баяжуулан хийх арга технологи, хөрөнгөтэй зуурмагийг хэрхэн баяжуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх онолын үндэслэлийг тайлбарлаж, зүрх-цагариган хэлбэртэй хэвлэх аргууд, хөөмөл зуурмагаар аарц, бурамтай шанз бэлтгэх арга, улаан буудайн гурилыг бүйлсний гурилаар орлуулан глютенгүй жигнэмэг хийх технологи ажиллагааг зааж сургалаа” гэв.

Онол, дадлага хослуулан явагдсан сургалт хэлэлцүүлэг, асуулт, хариултаар өндөрлөв. Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 103 дугаар сургуулийн ахлах тогооч Ч. Мөнхцэцэг “Сургалтад хамрагдсанаар шинэ зүйл их сурлаа. Тухайлбал, гал тогооны хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар чухал мэдээлэл авсан. Мөн практик ажлаар глютенгүй жигнэмэг хийн аргыг суралцлаа. Манай сургуульд глютений харшилтай хүүхэд суралцдаг учраас тэр хүүхдэд өөрийн гараар жигнэмэг хийж өгнө гэж бодохоор сайхан байна” гэж сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Дашрамд өгүүлэхэд, “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэн хэрэгжиж байгаа юм.