Хүүхдийг Ивээх Сан Ховд аймагт хүүхэд хамгааллын төсөл хэрэгжүүлнэ
– Хүүхэд хамгааллын цогц төсөл 3 жил үргэлжилнэ-
Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилттэй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл Ховд аймагт 2023 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэллээ. Хүүхэд хамгааллын тус төслийг Хүүхдийг Ивээх Сан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллагуудын удирдлагууд 2023 оны 1 дүгээр сарын 18-нд Нутгийн удирдлагын ордонд албан ёсны уулзалт хийж, Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон нар гарын үсэг зурлаа.
Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон: “Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсад ажиллах хугацаандаа олж авсан шилдэг туршлага, аргазүйгээ сургуулийн орчинд хүүхэд хамгааллыг сайжруулахад чиглэсэн төслийнхөө хүрээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид Ховд аймгийн төв болон суманд сонгож авсан ерөнхий боловсролын хоёр сургуулийг бид хүүхэд хамгааллын жишиг орчин болоход дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг сайжруулах явцад болсон арга туршлагыг аймгийн бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэж байна.”
Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл: “Сүүлийн жилүүдэд хүүхдүүд эцэг эх, гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөхөөс гадна сургуулийн орчинд үе тэнгийнхэний хүрээнд хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртөх явдал нэмэгдэж байгаа нь бидний санааг зовоож байна. Багш, сургуулийн ажилтан, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагч, хамтарсан багийн гишүүд болон хүүхдүүд өөрсдөө сургууль дээр хүүхэд хамгааллын орчинг сайжруулж, хүчирхийлэл дарамтыг халахад чиглэсэн төслийг хэрэгжүүлж, олон улсын туршлага, аргазүйг Ховд аймагт нэвтрүүлэх гэж байгаад бид туйлын их баяртай байна.“
Хүүхдийг Ивээх Сангаас Ховд аймагт хэрэгжүүлэх “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөр багш, сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүдийг хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар хэрхэн дэмжихэд сургах, сургууль ба хамтарсан багийн хамтын ажиллагааг сайжруулан бэхжүүлэх, улмаар эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхэд хамгааллын асуудалд анхаарч, хүүхэд хамгаалалд идэвхтэй оролцдог практикийг бий болгох бөгөөд сонгогдсон орон нутаг, ерөнхий боловсролын сургуулиуд, хамтарсан багуудтайтай хамтран ажиллах юм. Түүнчлэн хүүхдийн оролцоог дэмжих замаар тэдэнд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулах, үе тэнгийнхэндээ зөвлөн туслах ур чадварыг эзэмшүүлэх үйл ажиллагаануудыг төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан Ховд аймагт “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл, “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төсөл, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин эцэг эхчүүдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх замаар хүүхдийнхээ сурч хөгжих болон сайн сайхан байдлыг дэмжих чадавхыг сайжруулах нь” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.