“Ардчиллын төлөөх шинэ үе” төсөл (2020-2022 он)
Хүүхдийг Ивээх Сан “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг 2020-2022 онд Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт хэрэгжүүлэв. НҮБ-ын “Ардчиллыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн энэ төсөл нь хүүхэд, залуучуудын оролцоо, сонгуулийн мэдээлэлтэй оролцоог хангах замаар тэдний дунд ардчиллын үнэт зүйлс, сонгуулийн үйл явцад залуусын мэдлэгтэй оролцоог дэмжих зорилготой байлаа. Энэхүү төсөл ардчилсан засаглал, иргэдийн оролцооны талаар зааж буй Монгол Улсын боловсролын тогтолцооны сургалтын агуулга, арга зүйд дүн шинжилгээ хийх, зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудын ардчилсан үнэт зүйлс, сонгуулийн үйл явцын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ардчиллын үйл явц, мэтгэлцээнд оролцох хүүхэд, залуучуудын идэвхийг нэмэгдүүлэх зорилготой байв.
Төслийн зорилтот бүлэг нь хүн амын олон янз бүлгүүдийн залуусыг хамруулахыг зорьж байгаа учраас нийслэлд орон сууц болон гэр хороололд амьдардаг залуус бүхий хүн ам ихтэй Баянгол, Чингэлтэй дүүргийн 15-19 насны хүүхэд залуус, хүн ам ихтэй, их сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг, олон ястан аж төрдөг Ховд аймгийн 15-19 насны хүүхэд, залуус байв.
Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн Иргэний боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд дүн шинжилгээ хийж, судалгаа явуулсан. Мөн 15-19 насны 250 сурагч ардчиллын талаарх мэдлэг, ойлголтоо сайжрууллаа. Явуулсан судалгаагаа нэгтгэн сургуулийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх зөвлөмж, залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр уриалга гаргаж Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүлээлгэн өгсөн. Түүнчлэн Улаанбаатар хот болон Ховд аймагт Залуу сонгогчдын арван клуб байгуулагдаж, 250 гаруй гишүүд, 5823 өсвөр үеийнхэн ардчиллын үнэт зүйлс, сонгуулийн үйл явцад хэрхэн мэдлэгтэй оролцох талаар ойлголттой болсон. Залуу сонгогчдын арван клубуудад олон үндэстэн ястны залуучууд болон тусгай хэрэгцээтэй залуусыг багтаасан. Төслийн зөвлөх баг клубүүдэд түшиглэн 1.Сонгуулийн үйл явц, 2.Залуучуудын оролцоо, 3.Мэдээлэл судалгаа, 4.Хэвлэл мэдээлэл ба оролцоо, 5.Нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх нь сэдвээр таван модуль сургалтын хөтөлбөр боловсруулсан. Хүүхдийг Ивээх Сангаас Залуу сонгогчдын 10 клубт жижиг хэмжээний тэтгэлэг олгож, үе тэнгийнхэн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах боломж олгосон.