Э.ЦОЛМОН

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗАСАГЛАЛЫН ХӨТӨЛБӨРҮҮДИЙН МЕНЕЖЕР

Э.Цолмон Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежерээр ажиллаж байна. Түүний хувьд хэрэгжүүлж буй төслүүдээс гадна эрхийнхээ хэрэгжилтийг хянаж үнэлэх хүүхдийн оролцоог чадавхжуулж, олон нийт, хэвлэл мэдээлэл, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолой хүрэх явцыг дэмжин ажилладаг. Тэрээр 2013 оноос Хүүхдийг Ивээх Санд ажиллахдаа “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх”, “Өсвөр үеийнхний дуу хоолой 1,2, “Хүүхдийн төлөө төсөв” зэрэг томоохон төслүүдийг удирдаж байв.

Э.Цолмон НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Хүүхдийн болон Иргэний нийгмийн байгууллагын нэмэлт илтгэлүүдийг боловсруулах ажлыг чиглүүлэн, НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээх ажлыг хариуцан ажиллаж ирсний сацуу Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвслийн удирдамжийн дагуу хийгддэг хоёр удаагийн Хүүхдийн эрхийн нөхцөл байдлын үнэлгээг 2018, 2020 онд удирдан боловсруулжээ. Мөн Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдахад хувь нэмэр оруулж, хурдан морины унаач хүүхдийн асуудлаар нөлөөллийн ажлуудыг өрнүүлэн, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн юм.