ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хүүхдийн төлөөх ажил үйлсээрээ тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид Хүүхдийг Ивээх Сан дэлхийд 1919 оноос, Монголд 1994 оноос үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллагыг үүсгэн байгуулагч хатагтай Эглантин Жебб хүүхдийн эрхийн асуудлыг анх удаа олон улсад дэвшүүлж, улмаар хүүхдийн эрхийн тунхгийг боловсруулсан түүхтэй. Хүүхдийн Эрхийн Тунхаг 1924 онд Үндэстнүүдийн холбоогоор батлагдаж, 1989 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц болж, өдгөө хамгийн олон улс орон нэгдэж орсон хүний эрхийн гэрээ болсон юм. Хүүхдийг Ивээх Сан өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаандаа өргөжин тэлсээр өнөөдөр дэлхийн 120 улсад үйл ажиллагаа явуулах болжээ. Монгол дахь хөтөлбөр нь 1994-2009 онд Их Британийн Хүүхдийг Ивээх Сан, 2009 оноос хойш Японы Хүүхдийг Ивээх Сангийн удирдлагад ажиллаж байна.

Хүүхдийг Ивээх Сан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.

Хүүхдийг Ивээх Сангийн үндсэн чиглэл

Бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон 7 аймагт үйл ажиллагаагаа төвлөрүүлэн төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг Монголын хүүхэд бүрд хүртээх зорилготой ажилладаг. 2019 онд 32 мянга гаруй хүүхэд Хүүхдийг Ивээх Сангийн төслийн үр өгөөжийг шууд хүртсэн байна. Хүүхдийг Ивээх Сангийнхан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох, эрхээ ялгаварлалгүй эдэлдэг, хариуцлагатай нийгмийг цогцлоохын төлөө хичээл зүтгэлээ зориулдаг билээ.

Та бүхнийг хүүхдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж, урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилгод нэгдэж, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.