Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөр
Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөр нь НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын хэрэгжилтийг үнэлж, эрхийнхээ хэрэгжилтийг хянах хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, олон нийт, хэвлэл мэдээлэл, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолой хүрэх явцыг дэмжин ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүүхдийн эрхийн нөхцөл байдлын үнэлгээг хийж ирсэн бөгөөд “Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал”, “Өсвөр үеийнхний эерэг хөгжил оролцоо”, “Өсвөр үеийнхний дуу хоолой-1, 2” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын хүүхдүүд хүчирхийлэл, үл хайхралт, ялгаварлан гадуурхалт, авлига, ашиг сонирхлын зөрчил, ядуурлын асуудлаар байр сууриа илэрхийлж, шийдвэр гаргах түвшинд хүргэх явдлыг дэмжиж ажиллалаа. Түүнчлэн, хүүхэд өөрөө удирдсан “Өсвөр үеийнхний дуу хоолой-3” судалгаанд арга зүйн туслалцаа үзүүллээ.
Бид НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын тайлан илтгэлтэй холбогдуулан хүүхдүүд болон төрийн бус байгууллагын сүлжээнээс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээдэг Нэмэлт илтгэлүүдийг хэлэлцүүлэх бэлтгэх ажлыг удирдаж, арга зүйгээр дэмжин ажилладаг бөгөөд тайлангуудыг тэдний төлөөллийн хамт НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд амжилттай хэлэлцүүлсээр ирлээ.
Хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн төлөөх төсөв” зурагт гарын авлагыг 2014 онд гаргав. Гарын авлагад улсын болон орон нутгийн төсвийн талаарх ойлголт, төсвийг хэрхэн бүрдүүлж хуваарилдаг, мөн хүүхдэд чиглэсэн төсвийн хуваарилалтад шинжилгээ хийх энгийн аргуудыг жишээ дасгалуудын хамт танилцууллаа. Дэлхийн банк, Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шатын хэрэгжилтийг нийслэл болон 10 аймагт удирдан ажилласан. Хүүхдийг Ивээх Сан энэ төслийг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг болон Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 2021-2022 онд хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэв. Төслийн хүрээнд дүүрэг болон аймгуудад төрөөс үзүүлж буй үйлчилгээ ялангуяа анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулж, нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэхэд шаардлагатай чадавхыг бэхжүүлж, техникийн туслалцааг үзүүлсэн байна.
Мөн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр НҮБ-ын Ардчиллын сангийн санхүүжилттэй “Ардчиллын төлөөх шинэ үе” төсөл хэрэгжүүлсэн байна.Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн Иргэний боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд дүн шинжилгээ хийж, судалгаа явуулсан. Мөн 15-19 насны 250 сурагч ардчиллын талаарх мэдлэг, ойлголтоо сайжрууллаа. Явуулсан судалгаагаа нэгтгэн сургуулийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх зөвлөмж, залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр уриалга гаргаж Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүлээлгэн өгсөн. Түүнчлэн Улаанбаатар хот болон Ховд аймагт Залуу сонгогчдын арван клуб байгуулагдаж, 250 гаруй гишүүд, 5823 өсвөр үеийнхэн ардчиллын үнэт зүйлс, сонгуулийн үйл явцад хэрхэн мэдлэгтэй оролцох талаар ойлголттой болсон.