Боловсролын хөтөлбөр

Хүүхдийг Ивээх Сан хүүхэд бүрийг оршин суугаа газар, хүйс, яс үндэс, нийгмийн байдлаасаа үл хамааран чанартай боловсрол эзэмших эрхийг баталгаажуулахын төлөө ажилладаг. Бид боловсролын салбарын үндэсний хөтөлбөрүүд, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжин сургуулийн өмнөх болон суурь боловсрол, албан бус боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг юм. Тиймээс бага насны хүүхдийн халамж, хөгжил, тэгш хамруулах боловсрол, гамшиг, онцгой байдлын үе дэх боловсрол гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирлээ. Ингэхдээ “Сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, удирдлага хяналтын тогтолцоог сайжруулах нь”, “Сургуулийн өмнөх болон бага боловсролын чанарыг сайжруулах нь”, “Малчин хүүхдийн боловсрол”, “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ.

Тухайлбал, “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг Дэлхийн Банкны Итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2012-2017 онд хэрэгжүүлсэн. Зургаан настнуудын сургуульд элсэхтэй холбоотой малчдын хүүхдүүд бага боловсрол эзэмшихэд гарах зарим бэрхшээлийг шийдэх, малчин өрхийн хүүхдийн боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор энэхүү төслийг Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгийн 30 суманд хэрэгжүүлсэн байна. Төслийн үр шимийг орон нутаг болон малчин өрхийн 8,500 гаруй хүүхэд, тэдний эцэг эх, багш нар, иргэд, олон нийт зэрэг нийт 20,000 гаруй хүнд хүргэлээ. Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2015-2018 онд хэрэгжүүлж, нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн 24 сургууль хамрагдав. Энэ төслөөр нэгдүгээр ангид суралцагчид, ялангуяа, сургуулийн өмнөх боловсролд хамрагдахгүйгээр сургуульд элссэн, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн сургуульд дасан зохицох, суралцах чадварыг сайжруулсан юм. Төслийн үр шимийг 28,000 хүн шууд, 121,000 хүн шууд бусаар хүртсэн байна. Түүнчлэн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-1” төслийг 2018-2021 онд амжилттай хэрэгжүүллээ. Энэ төсөл Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай болон Ховд аймгуудад амжилттай хэрэгжлээ. Төслөө эдгээр гурван дүүрэг, хоёр аймгийн 16 сургууль, Насан туршийн боловсролын таван төвд түшиглэн хэрэгжүүлсэн. Төсөл нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулиудад тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бүрдүүлэх хоёрдугаарт, Насан туршийн боловсролын төвийн чадавхыг сайжруулах, сургуульд хамрагдахгүй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах, гуравдугаарт, Тэгш хамруулах боловсролын талаар эцэг эх, асран хамгаалагчид, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг ойлголтыг сайжруулах, дөрөвдүгээрт, Төслийн үр дүн, сайн туршлагад үндэслэн зөвлөмж боловсруулах замаар төрийн бодлого, зохицуулалтад нөлөөлөх гэсэн дөрвөн үндсэн зорилго чиглэлээр хэрэгжсэн.

Бидний шийдэл