Хүүхдийн ядуурлыг бууруулах хөтөлбөр
Хүүхдийн ядуурлыг бууруулах хөтөлбөр нь зорилтот бүлгийн өрхийн гишүүдэд хүүхдийнхээ эрүүл байх, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, боловсрол эзэмших, хамгаалагдах үндсэн хэрэгцээг нь хангахад шаардлагатай эдийн засгийн боломж, ур чадвар олгох зорилготой юм.
Хөтөлбөр дараах гурван үндсэн чиглэлээр ажиллахаар зорьж байна.
- Өсвөр үеийнхний амжилттай шилжилт: Өсвөр үе, залуучуудын ирээдүйд зохистой ажил, хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулах
- Гамшигт өртсөн эмзэг бүлгийн гэр бүл, хүүхдийн нэн шаардлагатай хэрэгцээг хангах дэмжлэг хүргэх
- Өрхийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах жижиг туршилтын төсөл, санаачилгыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх
Өсвөр үеийнхний бизнес эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхдийг Ивээх Сан 2017 оноос хойш жил бүр Өсвөрийн Энтрепренерүүдийн тэмцээнийг “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Энэ нь англи хэл дээр, олон улсын жишгээр зохион байгуулагддаг энэ төрлийн анхны тэмцээн гэдгээрээ онцлог.
Хүүхдийн Ядуурлыг Бууруулах Хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийг 2020 оноос эхлэн Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд хэрэгжүүлж байна.