Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр
Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр нь гамшиг, хямралд өртсөн эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүл, малчдад чанартай хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байх, эрсдэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ гамшгийн үеийн хүүхдийн боловсрол, хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч байна.
Хүүхдийг Ивээх Сан гамшиг, хямралын үед Засгийн газартай хамтарч, хүмүүнлэгийн нэгдсэн арга хэмжээ авах зорилго бүхий Монгол Улс дахь НҮБ-аар ахлуулсан Хүмүүнлэгийн багийн идэвхтэй гишүүн бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт энэхүү Хүмүүнлэгийн багийн Боловсролын бүлгийг ахлан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд зудад өртсөн малчдын хүүхдүүдийн боловсролд анхаарах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар хүүхэд багачуудыг эрсдэлээс сэргийлж, дэмжих төслүүд хэрэгжүүлж, “Малчдын хүүхдэд хүргэх тусламж”, “Малчдын амьжиргааг хамгаалах чиглэлийн тусламж”, “Малчдыг дахин малжуулах тусламж”, “Малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж” зэрэг тусламжийн үйл ажиллагаанууд явууллаа.
2021 онд Архангай, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай аймaгт “Шороон шуурганд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжүүлэв. Уг төслөөр шороон шуурганд ихээр өртсөн 92 өрхөд монгол гэр, 660 өрхөд эрүүл ахуйн багц, 440 өрхөд мөнгөн тусламж үзүүлж, 3,000 ширхэг сэтгэлзүйн анхны тусламжийн зөвлөгөөг зорилтот хүн амд хүргэв.
2022-2023 оны өвөл зуд болж, өвөлжилт хүндэрсэн Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн малчид болон малчдын хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэв. Төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Старт нетворк олон улсын сүлжээ байгууллага, Хүүхдийг Ивээх Сангийн Хүмүүнлэгийн Сан санхүүжүүлэв. Эдгээр байгууллагуудын 323,800 ам.долларын санхүүгийн дэмжлэгээр 1380 малчин өрхөд малын тэжээл, бэлэн мөнгөний тусламж үзүүллээ. Мөн малчдын 2127 хүүхдэд эрүүл ахуйн багц, эдгээр хүүхдүүдийн амьдардаг дотуур байранд ном, тоглоом, зөөлөн эдлэл, дулаан гутал, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний тусламж үзүүлэв. Цаг агаар хүндэрсэн 6 сумын эрүүл мэндийн төвд мөнгөн тусламж өглөө.