“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл

Зорилго

Хүүхдийг Ивээх  Сан 2023 оноос Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвсэлийн санхүүжилтээр “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багт хэрэгжүүлж байна. Төслөөр зорилтот газруудад сургуулийн багш ажилтнууд, эцэг эх/асран хамгаалагчид, сурагчид болон хамтарсан багуудыг хамруулан сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлснээр үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх,  хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий болгох зорилготой юм.

Төслийн зорилтот орон нутаг

Төслийн үйл ажиллагаа:

Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авахад, сургууль болон хамтарсан багийн хамтын ажиллагааны сайн зохицуулалт, хяналтын тогтолцооны загвар бий болгохоор ажиллаж байгаа юм. Түүнчлэн сурагчдад эрхийг нь мэдүүлж, эрхийн зөрчлийг таньдаг болгож, эрхийн зөрчил гарвал хэнд, хаана, хэрхэн хандахаа ойлгож, улмаар аливаа асуудалтай тулгарсан үед өөрийгөө халамжлах болон үе тэнгийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ур чадварт суралцуулах, хүүхэд хамгааллын асуудлаар хүүхдийн дуу хоолойг холбогдох байгууллагуудад хүргэж, бодлого журмуудад тусгах ажлуудыг гүйцэтгэж байна.