“Чи ганцаараа биш- Бүү нуугаарай, Бүү нуугдаарай!!!” охидод зориулсан сошиал нөлөөллийн ажил
Хүүхдийг Ивээх Сангийн НҮБ-ын Итгэлцлийн Сангийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл, Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд хаана, хэнд хандаж хамгаалагдах тухай мэдлэг мэдээллийг хүргэх зорилготой “Чи ганцаараа биш” 3 үе шаттай сошиал нөлөөллийн ажлыг хийхээр төлөвлөж, нэгдүгээр үе шат буюу 12-18 насны охидод зориулсан “Чи ганцаараа биш- Бүү нуугаарай, бүү нуугдаарай!!!” сошиал нөлөөллийн ажлыг 2023 оны 3-4 дүгээр сард хэрэгжүүлсэн. Энэхүү нөлөөллийн ажил нь охидын эсрэг хүчирхийллийн төрөл хэлбэрийн талаар мэдээлэл хүргэх, илрэх шинж тэмдгийг таних, эрсдэлт тохиолдол хэнд хандаж тусламж авах арга замыг таниулах зорилготой байлаа.
MMCG судалгааны байгууллага гараа, барианы судалгаа хийж, Вайрал Партнерс агентлаг судалгааны үр дүнд суурилан, өсвөр насны хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн өнгө төрх, дуу дүрс бүхий контент бүтээх ажлыг гүйцэтгэв.
Энэхүү ажлын хүрээнд цахим орчин, уламжлалт мэдээллийн хэрэгсэл, гудамж талбайн самбар, дэлгэцээр 15 нэр төрлийн 63 контент олны хүртээл болж, 1 сарын хугацаанд давхардсан тоогоор 23 сая хүнд хүрсэн байна. Мөн төслийн хүрээнд нийслэлийн 15 сургуулийн 1500 гаруй охидод уулзалт, сургалт хийсэн бөгөөд уулзалтын үеэр зөвхөн мэдээлэл хүргэхээс гадна эрсдэлт нөхцөлд байгаа охидыг илрүүлэх, улмаар НЦУГ-ын холбогдох алба, хэлтэст шилжүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээ авахад нь холбон зуучлав. Хувь хүний нууцыг хадгалж, хүүхдэд ээлтэй аргаар энэ бүхнийг хийсэн нь “Чи ганцаараа биш” сошиал нөлөөллийн ажлын бахархам үр дүнгийн нэг байлаа.
2023 оны 2 дугаар сард MMCG судалгааны байгууллагын 12-18 насны охидын дунд хийсэн гарааны судалгаанд охидын 55% нь бэлгийн хүчирхийллийн илрэх хэв шинжийн талаар тодорхой мэдлэгтэй байсан бол нөлөөллийн ажлын төгсгөлд 87% болон өсөж, ямар нэг эрсдэлт нөхцөл байдал тулгарвал хэн нэгэнд заавал мэдэгдэх, 102, 108 тусгай дугаарт холбогдож тусламж авах охидын тоо 78%-иас 91% болж өссөн зэрэг олон эерэг үр дүн гарав. Энэхүү тоон үзүүлэлтээс гадна өсвөр насны охид “Хүчирхийлэлд хэн ч өртөж болно. Хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөх эрсдэлтэй байвал айж, ичих биш, харин итгэлтэй хүнд хэлж заавал хамгаалагдах ёстой” гэдгийг л ойлгосон нь энэхүү нөлөөллийн ажлын хамгийн том амжилт байв.“Чи ганцаараа биш-Бүү нуугаарай, Буу нуугдаарай!!!” нөлөөллийн ажлын видео бүтээлүүдийг эндээс үзнэ үү.