“ӨӨР ӨӨР 3” НӨЛӨӨЛЛИЙН АЯН

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран 2018-2021 онд хэрэгжүүллээ. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Ховд, Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 16 сургууль, Насан туршийн боловсролын 16 төвд хэрэгжсэн ба төслийн хүрээнд жил бүр зорилтот бүлэгт хандсан “Өөр Өөр” нөлөөллийн аянг явууллаа. Төслийн сүүлийн жилд бид тэгш хамруулах соёлыг түгээх, эцэг эх, багш, сурагчид, олон нийтийн хандлага ойлголтыг өөрчлөх зорилготой “Өөр Өөр3” нөлөөллийн аяныг 2021 оны 3 дугаар сарын 1-25-ны хооронд зохион байгуулав.

Аяны хүрээнд төслийн үр шим хүртэгчдийн амжилтын түүх, постер зургууд, видео бүтээлүүдийг боловсруулж, зорилтот бүлгийн түгээмэл хэрэглэдэг сошиал медиа сувгуудаар дамжуулан түгээсэн юм. Аян өрнөсөн нэг сарын хугацаанд давтагдсан тоогоор нийт 1,302,031 хүн тэгш хамруулах боловсролыг сурталчилсан төрөл бүрийн контентийг үзэж сонирхжээ. Энэ дундаас хамгийн өндөр хандалт авсан контент нь Сонгинохайрхан дүүргийн Насан туршийн боловсролын төвийн сурагч М.Мөнхжин охины амжилтын талаар өгүүлсэн “Мөнхжин охины түүх” видео байсан юм. Тус бүтээлийг 270,100 орчим хүн үзэж, 400 гаруй хүн сэтгэгдэл үлдээсэн байна.

https://www.youtube.com/watch?v=oko4qCtFXzc

“Өөр Өөр 3” нөлөөллийн аяны үр дүн:

– Зорилтот бүлэг болох багш болон эцэг эхчүүдээс тэгш хамруулан сургах боловсрол, тусгай хэрэгцээтэй хүүхдийн талаарх ойлголт, мэдлэг гарааны судалгааны дүгнэлтээр уг үзүүлэлт нь 68% байсан бол үр дүнгийн судалгаагаар 72.5% болж 4.2%-р нэмэгджээ.

– Судалгаанд оролцсон багш нарын 90.7% нь бүх хүүхдэд хамт суралцах боломжийг бүрдүүлж, хүүхэд бүрийн хэрэгцээнд тохирсон боловсролын үйлчилгээг үзүүлэх ёстой гэж хариулжээ.

– Сургуулийн орчинд тусгай хэрэгцээтэй хүүхдэд үе тэнгийнхнээс үзүүлэх сөрөг үйлдэл, хандлага бага буюу тэдэнтэй эерэг харилцаж байгаа нь ажиглагдсан.

2021 оны “Өөр Өөр3” нөлөөллийн аяны видео бүтээлүүдийг эндээс үзнэ үү.