“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл (2018-2022 он)
Хүүхдийг Ивээх Сан “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2018-2022 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-гийн санхүүжилттэй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран хэрэгжүүллээ. Энэхүү төсөл нь орон нутаг дахь анхан шатны нэгж болох хүүхэд хамгааллын хамтарсан багуудыг чадавхжуулж, олон нийтийн хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлснээр хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, үйлчилгээг сайжруулах зорилготой байв. Уг төсөлд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9, 23, 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 2, 10,11-р хороо, Чингэлтэй дүүргийн 9, 10, 13-р хороо, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Батцэнгэл, Чулуут, Хайрхан сум, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Баян-Уул, Халх гол сум хамрагдсан байна.
Төслийн хүрээнд хүүхдийг хүчирхийлэл, дарамт, үл хайхрал болон мөлжлөгөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, төрийн байгууллагын хүүхэд хамгааллын үйлчилгээ бэхжиж, сонгогдсон зорилтот орон нутаг дахь анхан шатны нэгжийн (хамтарсан багийн) хүүхэд хамгааллын үйлчилгээний механизм бүрдэж, олон нийтийн хүүхэд хамгааллын талаарх ойлголт нэмэгдсэн байна.
Төслийн үр дүнд хүүхэд хамгаалал болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн хариу үйлчилгээ үзүүлэх хамтарсан багийн чадавх сайжрав. Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хамтарсан багийн гишүүдийн кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвар дээшилж, эцэг, эхчүүдийг хүмүүжлийн эерэг арга сургалтад хамруулж, тэдний хүүхэдтэйгээ харилцах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүллээ. Түүнчлэн хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалахад иргэд, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг хамтарсан багууд зохион байгуулах чадвартай болов. Үүний зэрэгцээ хүүхэд хамгааллын тогтолцооны тогтвортой байдлыг хангах чиглэлээр үндэсний түвшинд тодорхой бодлого шийдвэрүүд гаргаж, хамтарсан багийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд салбар дундын болон олон талт хамтын ажиллагааг оролцогч талуудын дунд бэхжүүллээ.