“Монгол Улсад Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих” (EPIC) төсөл (2022 он)
Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь“ төслийг АНУ-ын FHI 360 (Family Health International) байгууллагатай хамтран 2022-2023 онд хэрэгжүүлэв. Энэхүү төслөөр дамжуулан Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-тай хамтран аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, сумын эрүүл мэндийн төвүүдэд Ковид-19-ийн цар тахлын эсрэг ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны чадавхыг сайжруулах, амьсгалын аппаратын дэмжлэг үзүүлэх, хүчилтөрөгчийн экосистемийг бэхжүүлэхээс гадна Ковид-19-ийн халдварын амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зорилготой байлаа.
Төслийн хүрээнд 11 аймгийн Нэгдсэн эмнэлгүүдийг амьсгалын аппарат, дагалдах хэрэгслээр хангаж, 21 аймгийн 330 суманд хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэв. Мөн амьсгалын аппарат болон түүний дагалдах хэрэгслээр хангах, түүний засвар үйлчилгээг хийх нийслэл, дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн чадавхыг бэхжүүлэх сургалт явуулсан.
Түүнчлэн 21 аймгийн болон Улаанбаатар хотын дүүргийн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарт зориулсан “Насанд хүрэгсдийн Ковид-19 халдварын оношилгоо, эмчилгээний менежмент” сэдэвт эмнэлзүйн сургалтыг зохион байгуулж, сумын эрүүл мэндийн төвд Ковид-19 халдварын үед тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж мөн хүчилтөрөгчийн экосистемийн хэрэгцээ, хангамжийн талаар түргэвчилсэн үнэлгээ зохион байгуулж, 21 аймгийн 330 сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарт “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд КОВИД-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдахуй, Хүчилтөрөгч эмчилгээ” сэдэвт сургалт явуулав. Төслөөс анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалтын багц болон Ковид-19-ийн эрчимт эмчилгээний 8 протокол орчуулан хэвлэж, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгсөн. Улс болон аймгийн түвшинд Ковид-19 халдварын үеийн хүчилтөрөгч эмчилгээний талаар сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулсан билээ.