Хүүхдийн сайн сайхны төлөө 99 дэх жилдээ

Хүүхдийг Ивээх Сан нь шашин, улс төрөөс ангид олон улсын бие даасан байгууллага бөгөөд 1919 онд Англи улсад байгуулагджээ. Хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч манай байгууллага өнөөдөр дэлхийн 120 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагч хатагтай Еглантин Жебб нь хүүхдийн эрхийн асуудлыг олон улсад анх дэвшүүлэн тавьж, Хүүхдийн эрхийн тунхагийг боловсруулсан түүхтэй. Түүний боловсруулсан Хүүхдийн эрхийн тунхаг нь 1924 онд Үндэстнүүдийн Холбоогоор батлагдаж, улмаар 1989 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц болж батлагдан, өдгөө хамгийн олон улс орон нэгдэж орсон хүний эрхийн гэрээ болоод байна.

 “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр” арга хэмжээний үеэр. © Хүүхдийг Ивээх Сан 2017 он
“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр” арга хэмжээний үеэр. © Хүүхдийг Ивээх Сан 2017 он

Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад 1994 оноос тасралтгүй ажиллаж байна. 1994-2009 онд Английн Хүүхдийг Ивээх Сангийн, 2009 оноос Японы Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага дор Монгол дах Хөтөлбөр нь хүүхдийн амьдралд урт хугацааны, тогтвортой өөрчлөлтийг бий болгох зарчмыг баримтлан, тулгамдаж буй асуудлуудад бодитой, системтэй шийдлийг олох аргазүйг эрхэмлэн ажилладаг. Энэ онд бид Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад төвлөрөн ажиллалаа.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол улсад ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд нь:

  • Хүүхэд хамгаалал
  • Хүүхдийн эрхийн засаглал 
  • Боловсрол
  • Хүмүүнлэгийн яаралтай тусламж 
  • Хүүхдийн ядуурал
  • Эрүүл мэнд

Хүүхдийг Ивээх Сан нь нийгэм, улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлт, онцгой байдлын үеэс урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хүүхдийг хамгаалж, хүүхдийн эрхийг цогцоор хангахыг дэмжин ажиллаж ирсэн. 2016 онд Хүүхдийг Ивээх Сан Монгол улсад 40,000 гаруй хүүхдэд хүрч ажилласан байна. Хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох, эрхээ ялгаварлалгүй эдэлдэг хариуцлагатай нийгмийг цогцлоохыг бид эрмэлзэнэ. Мөн хүүхдэд чиглэсэн олон нийтийн хандлагад шинэ дэвшил гаргаж, хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт хийхийн төлөө бид ажиллах болно.