ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

Хүүхдийг Ивээх Сан гамшиг онцгой байдлын үед хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон анхаардаг. Бид 2011 оноос гамшиг онцгой байдлын үед хүүхэд хамгааллын асуудлыг тусгах, гамшгийн үеийн бэлэн байдлыг сайжруулахад хүүхдийн оролцоог дэмжих төсөл хэрэгжүүлсэн. Мөн Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран “Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг 2014-2016 онуудад хэрэгжүүлсэн юм.

Хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар хотод газар хөдлөлтийн давтамж ойртож, гамшгийн эрсдэл улам бүр нэмэгдэж байна.
Цэцэрлэгийн хүүхдүүд гамшгаас урьдчилан сэргийлэх дасгал сургуулилтын үеэр ©Хүүхдийг Ивээх  Сан , 2014
Цэцэрлэгийн хүүхдүүд гамшгаас урьдчилан сэргийлэх дасгал сургуулилтын үеэр ©Хүүхдийг Ивээх Сан , 2014

Хүүхэд гамшигт өртөмхий, аюул ослын нөхцөл байдал илүү хүндээр тусдаг учир сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын орчинд гамшгийн өмнөх, гамшгийн үед, гамшгийн дараа хүүхэд бүр хамгаалагдсан байх орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах, байгууллагуудын гамшгийн үеийн хүүхэд хамгааллын чадавхийг бэхжүүлэх, байгуулагын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах зорилгоор энэхүү төслийг Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт нийт 5 сургууль 3 цэцэрлэгт загвар болгон хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд, хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг буруулах аргачлал, мэдээллийг бусад хүүхдүүдэд дамжуулах, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах чиглэлээр хүүхдүүдийг чадавхжуулж, хүүхдийн оролцоог дэмжин ажиллалаа.
Цаашид онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хуримтлуулсан туршлагаа түгээн дэлгэрүүлнэ.

Төслийн үеэр хийгдсэн урьдчилан сэргийлэх видео ©Save the Children

Төслийн амжилт, үр дүн:

  • Салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахын тулд Улаанбаатар хотын бүх онцгой байдлын хэлтэс, боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл залуучуудын хэлтсүүдээс 276 мэргэжилтнийг гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын асуудлаар сургалтанд хамруулав
  • Найман байгууллага онцгой байдлын төлөвлөгөөгөө боловсруулж, дасгал сургуулилт тогтмол хийлээ. Ингэснээр гамшиг, онцгой байдал бий болсон тохиолдолд 11,500 хүүхэд хамгаалагдах нөхцөл байдал бий болов.
  • Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын асуудлаар бэлтгэсэн цуврал видео хичээлүүдэд хүүхдүүд оролцож, санал бодлоо тусгав. Газар хөдлөлт, ойн түймэр, цас, шороон шуурга, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх хичээлийг 11 цуврал видео хичээлийг улс даяар 2000 ширхэг түгээлээ.
  • Үер болон ахуйн ослоос сэргийлэх хүүхдэд зориулсан 3500 ширхэг мэдээллийн хуудсыг боловсруулж, улс даяр түгээв. Мөн Казак хэл дээр орчуулагдсан 500 хувийг Баян-Өлгий аймагт тараав.