ХҮМҮҮНЛЭГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ

Аливаа байгалийн ба хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг, хямралын сөрөг нөлөө нь насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдэд илүү хүндээр тусдаг. Тийм ч учраас хөгжлийн болон хүмүүнлэгийн хосолсон чиг үүрэгтэй Хүүхдийг Ивээх Сан 1999 оноос хойш Монгол оронд тохиолдсон зудын гамшгийн нөхцөлд хүмүүнлэгийн яаралтай тусламж, эрт үеийн сэргээн босголт, эрсдэлийг бууруулах чиглэлээр санхүүжилт босгон, зудад хамгийн хүнд нэрвэгдсэн аймаг, сумд, малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

Аливаа гамшиг, хямралын үед хамгийн эмзэг бүлэг нь хүүхдүүд байдаг.

Зудын үеэр малчин өрхийн сурагчид 3 ба түүнээс дээш долоо хоног хичээл завсарддаг. ©Хүүхдийг Ивээх Сан
Зудын үеэр малчин өрхийн сурагчид 3 ба түүнээс дээш долоо хоног хичээл завсарддаг. ©Хүүхдийг Ивээх Сан

2015-2016 болон 2016-2017 онд өвөлжилт хүндэрч, зудын байдал үүссэнтэй холбогдуулж гадны шинжээчдийн хамтаар түргэвчилсэн үнэлгээ болон суурь судалгааг хийж холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, аймаг, сумдын удирдлага, малчдын саналыг үндэслэн хандивлагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр дараах хүмүүнлэгийн тусламжийг үе шаттай, цаг алдалгүй үзүүлж ажиллалаа.
Тусламжийн хүрээнд хүнд нөхцөл дэх малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, хүүхдүүдийн боловсролыг дэмжих, сумдын сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах, сургуулиудад бичил тэтгэлэг олгох, малчдын хүүхдүүдийн боловсролын тасралтгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллав.

ЗУДЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ (2016-2017):

    Зарцуулсан хөрөнгө: 893,580 ам.доллар
    Тусламжинд хамрагдсан хүний тоо: Нийт 13,315 хүн, 6,267 нь хүүхэд байв.
    Хамарсан хүрээ: Архангай, Баян-Өлгий, Дорнод, Завхан аймаг

Эрүүл мэндийн чиглэлээр

  • Нийт 1500 малчин өрхийн 4800 хүнд хүрч ажилласнаас 1800 гаруй хүүхэд тусламж авлаа.
  • Архангай, Баян-Өлгий аймгийн 5 сумдын эрүүл мэндийн төвд жирэмсэн эхчүүд, тав хүртэлх насны хүүхдүүд, өндөр настангууд болон архаг өвчтэй хүмүүст урьдчилсан сэргийлэх үзлэг болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэв.
  • Яаралтай тусламж үзүүлэхэд зориулсан нялх хүүхдийн даралт хэмжигч багаж гэх мэт түргэн тусламжийн багц, унааны дугуй, түлш, томилолтын зардал ба мөнгөн тусламж үзүүлэв.
2017 онд хүмүүнлэгийн тусламж хэрэгжүүлсэн аймгууд
2017 онд хүмүүнлэгийн тусламж хэрэгжүүлсэн аймгууд

Амьжиргааг хамгаалах чиглэлээр

  • Давхардсан тоогоор 1372 гаруй малчин өрхийн гишүүд, хүүхдүүдэд тусламж хүргэв
  • Архангай аймгийн 8 сумын 1,372 малчин өрхөд малын сувиллын багц болон эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чухал мэдээлэл бүхий гарын авлагын хамт тараав. Зудын үед хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх зөвлөгөө бүхий энэхүү гарын авлагыг нийт малчдын 82,2% нь уншиж судалсан байна.
  • 672 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэв.

Боловсролыг дэмжих чиглэлээр

  • Нийт 6000 хүнд хүрсэнээс 1080 нь хүүхэд байв.
  • Архангай, Баян-Өлгий, Дорнод, Завхан аймгийн сургууль болон дотуур байрны халаалт гэх мэт хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллав.
  • Зудын нөхцөл байдлаас болж хичээлээс хоцорсон хүүхдүүдэд хичээл нөхөн олгох сургалтуудыг зохион байгуулав.
  • Хүүхдүүдийн боловсролын хэрэгцээнд зориулж бэлэн мөнгө нэн шаардлагатай өрхүүдэд шилжүүлэв.
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт, сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх сургалт гэх мэт сургуульд түшиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг дэмжив.
2017 онд "СТАРТ" сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн тусламж ©Хүүхдийг Ивээх Сан