“АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСӨЛ 

Боловсролын тухай хуулинд нэмэлт өөрчлөлтөөр хүүхдүүдийг 6 настайд нь сургуульд элсүүлэх болсон. Энэхүү өөрчлөлт нь алслагдсан хөдөөгийн малчин гэр бүлд хүүхдэдээ бага боловсрол эзэмшүүлэхэд ихээхэн хүндрэл учруулах болсон юм. Иймд Хүүхдийг Ивээх Сан малчин өрхийн хүүхдийн боловсролын хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах зорилгоор “АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ” төслийг Дэлхийн Банкны Итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр хэрэгжүүллээ. 

Төсөл Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгийн 30 суманд 5 жилийн хугацаанд хэрэгжихдээ 5-10 насны 8,500 гаруй малчин өрхийн хүүхдийн боловсролын хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад бодит хувь нэмэр оруулаад байна. 

Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд:




① Гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэх хөтөлбөр② Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр③ Бага боловсрол нөхөн олгох хөтөлбөр 

Төслийн зорилт:

Гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэх хөтөлбөрийг туршин нэвтрүүлэх замаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж хангалтгүй байгаа алслагдсан орон нутгийн малчин өрхийн хүүхдүүдийг сургуульд амжилттай бэлтгэж, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх 

Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөрөөр дамжуулан эцэг эх, гэр бүлээсээ тусдаа айлд болон дотуур байранд амьдарч буй бага ангийн хүүхдүүдийн сургууль болон дотуур байрын амьдралд дасан зохицох, сурах, хөгжих үйл явцыг дэмжих 

Сургуульд сурч байгаагүй болон бага ангиас сургууль завсардсан хөдөөгийн хүүхдүүдэд зориулан бага боловсрол нөхөн олгох хөтөлбөр боловсруулан туршин хэрэгжүүлэх замаар тэдний сургуульдаа эргэн суралцах үйл явцыг дэмжих 

Монгол орны хамгийн алс хязгаар сумдын 8,500 гаруй хүүхдийн боловсролд ©Хүүхдийг Ивээх Сан
Монгол орны хамгийн алс хязгаар сумдын 8,500 гаруй хүүхдийн боловсролд ©Хүүхдийг Ивээх Сан

Төслийн амжилт, үр дүн:

“Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл 2017 оны 6 дугаар сард хэрэгжиж дууссан бөгөөд анх төлөвлөж байсан зорилтоо давуулан биелүүлж, малчин өрхийн нийт 8,500 гаруй хүүхэд, тэдний эцэг эх, багш нар, иргэд, олон нийт 20,000 гаруй хүнд болон орон нутагт ихээхэн үр дүн авчирсныг онцлон тэмдэглэж байна. 

Төсөл нь олон нийт, багш сурган хүмүүжүүлэгчид, орон нутгийн болоод үндэсний бодлого боловсруулагчдын мэдлэг, мэдээлэл, дэмжлэгийг чамгүй нэмэгдүүлсний үр дүнд тэд энэхүү төслийг бусад бүс нутагт түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү загварыг төсөл хэрэгжээгүй аймгуудаас гадна бусад улс орон болон хандивлагчдын зүгээс ч сайшаан дэмжиж байгаа юм. 

Дэлхийн Банк, Японы Нийгмийн Хөгжлийн Сан 2016 онд тус төслийг хамгийн амжилттай хэрэгжсэн төслөөр шалгаруулжээ. Энэхүү загварыг Монголын засгийн газартай хамтран алслагдсан бүх сумдад хэрэгжүүлнэ гэдэгт Хүүхдийг Ивээх Сан найдаж байна. 

Төслийн танилцуулга видео