НИЙГЭМШҮҮЛЭХ ЦИРК

Хүүхдийг Ивээх Сан 1999 оноос эхлэн дэлхийд алдартай Канадын “Нарны цирк” корпорацитай хамтран “Нийгэмшүүлэх цирк” төслийг хүнд нөхцөл дэх хүүхэд, залуусын хувь хүний болон нийгэмших хөгжлийг дэмжих зорилгоор Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсээр ирсэн билээ. Циркийн урлагаар дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхэд хамгааллын чадавхийг бэхжүүлэх, боловсролын салбарт хөтөлбөрийн зарчим аргазүй, туршлагыг нэвтрүүлэхэд бид анхааран ажиллаж байна. 
Сүүлийн жилүүдэд БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй тус төслийн гол зорилго нь “Нийгэмшүүлэх цирк” хөтөлбөрийн зарчим, аргазүйгээр дамжуулан хүүхдэд боловсролын болон хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтнуудын хүүхэд хамгааллын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

9,000 орчим хүүхэд Нийгэмшүүлэх Циркэд хамрагдаж, бие бялдрын болон тулгарсан бэрхшээлийг даван туулах, нийгэмших ур чадвартай болж чаджээ.
Нийгэмшүүлэх Циркийн жүжигчид тайз руу гарахын өмнө ©Хүүхдийг Ивээх Сан, 2014 он
Нийгэмшүүлэх Циркийн жүжигчид тайз руу гарахын өмнө ©Хүүхдийг Ивээх Сан, 2014 он

2016 оны амжилт, үр дүн:

  • Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн Албан бус/насан туршийн боловсролын төвүүдэд сургууль завсардан нөхөн боловсрол эзэмшихээр суралцаж буй 6-18 насны 334 хүүхдийн хамгааллын нөхцөл байдал сайжрахад зохих нөлөөг үзүүлэв.
  • Эдгээр дүүргийн Албан бус/насан туршийн боловсролын төвүүдэд суралцагч 60 хүүхдэд Нийгэмшүүлэх циркийн 364 цагийн танхимын сургалтыг амжилттай зохион байгуулахад нь дэмжин ажиллав.
  • Нийгэмшүүлэх циркийн сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хүүхдэд циркийн техникүүдийг зааж сургах, тэдний ур чадварыг хэрхэн хөгжүүлэх, хүүхдийн бие махбод, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, нийгмийн ажлын кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр дасгалжуулагч багш нар, нийгмийн ажилтнуудад 200 цагийн аргазүйн зөвлөгөөг өгөв.
  • Хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн оролцоо, нийгмийн ажлын кейс менежмент, стресс менежмент, нийгэмшүүлэх циркийн давтан сургалтууд, туршлага солилцох уулзалт зэрэг үйл ажиллагаануудад нийт 124 багш, ажилтан, нийгмийн ажилтан, эцэг эх, насанд хүрэгчид оролцов.
  • Сургалтад тогтмол хамрагдсанаар хүүхдүүдийн биеийн өсөлт хөгжил, уян хатан байдал, хөдөлгөөний эвсэл сайжирч байна. Мөн эрүүл ахуйн зөв дадалтай болох, өөртөө итгэх, зорилго тавих, бие даан шийдвэр гаргах, өөрийн санал бодлыг илэрхийлэх, багаар ажиллах зэрэг чадварууд төлөвшиж байна.
  • Нийгмийн ажлын ганцаарчилсан уулзалт зөвлөгөөнд 30 хүүхэд хамрагдав.
  • Зургаан хүүхдийн гэр бүлд нийгмийн ажлын нөхцөл байдлын үнэлгээ хийж, кейс менежментийн үйлчилгээ үзүүлэв.
  • Хүүхдийн нийгэмшлийг дэмжих зуны сургалтын хөтөлбөрт 25 суралцагч 8 өдрийн турш хамрагдав.
  • Нийгэмшүүлэх циркийн аргазүйг олон нийтэд сурталчлах нөлөөллийн үйл ажиллагааг хүүхдүүдийн оролцоотой зохион байгуулав.
Монголд Нийгэмшүүлэх Цирк төсөл хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойн видео