Хүүхдийн эрхийн төлөөх нөлөөлөл, мэдээлэл харилцааны сургалт хийлээ

Хүүхдийн эрхийн төлөөх нөлөөлөл, мэдээлэл харилцааны сургалт хийлээ

Хүүхдийг Ивээх Сангаас “Хүүхдийн Эрхийн төлөөх Нөлөөлөл, Мэдээлэл Харилцаа”-ны сургалтыг сэтгүүлчид болон хамтран ажилладаг ТББ-уудад зохион байгууллаа. 2018.03.20-03.22-нд үргэлжилсэн энэхүү сургалтыг Шведийн Хүүхдийг Ивээх Сангийн Мэдээлэл харилцааны төслийн удирдагч Барбара Вурс, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн мэргэжилтнүүдтэй хамтран явуулсан юм.

Монголын хэвлэл мэдээллийн орон зайд хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, бодит оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтанд маань өдөр тутмын сонин, телевиз болон мэдээний вэбсайтын сэтгүүлчид идэвхитэй оролцож, Швед болон дэлхий нийтийн сайн туршлагуудтай танилцан, энэ чиглэлээр өөрсдийн хэрэгжүүлэх боломжтой ажлуудыг тодорхойлсон юм. Ингэхдээ, хүүхэд, залуучуудын оролцоог мэргэжлийн ёс зүй болон НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцын хүрээнд хангах тухай суралцаж, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн оролцоог хангах үйл ажиллагааны стандарт, зөвлөмжүүдтэй товч танилцлаа.
Сэтгүүлчдэд зориулсан сургалтын үеэр © Хүүхдийг Ивээх Сан
Сэтгүүлчдэд зориулсан сургалтын үеэр © Хүүхдийг Ивээх Сан

Харин Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрийн ажилтнууд болон хүүхэд хамгааллын салбарт хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудын гишүүд хүүхдийн эрхийн төлөө нөлөөлөл, мэдээлэл харилцааны тухай суралцаж, нөлөөллийн арга барилаа сайжруулах дасгал ажлуудыг хамтран ажилласан юм. Түүнчлэн Барбара Вурс мэдээлэл харилцааны үйл ажиллагааны гол хэрэгсэл болох түүх өгүүлэх төрөл бүрийн арга, техникүүдийг хуваалцжээ. Тодорхой асуудлуудад нөхцөл байдлын дүн шинжилгээ хийн, оролцогч талуудыг тодорхойлох, тэдэнд зориулсан нөлөөллийн мессеж боловсруулах зэрэг практик арга барилд суралцсан нь оновчтой бөгөөд цаг үеэ олсон мэдлэг, мэдээлэл байсныг оролцогчид хэлж байлаа.

"Хүүхдийн Эрхийн төлөөх Нөлөөлөл, Мэдээлэл Харилцаа” сургалтын оролцогчид © Хүүхдийг Ивээх Сан
Сургалтын төгсгөлд оролцогч бүр өөрийн ажиллаж байгаа, эсвэл олж харсан хүүхдийн эрхтэй холбоотой сэдвээр нөлөөллийн стратеги, төлөвлөгөө боловсруулсан юм. Хүүхдийг Ивээх Сангаас зохион байгуулсан энэхүү сургалт ямагт эерэг өөрчлөлтийн төлөө зорьдог иргэний нийгмийн байгууллагууд болон сэтгүүлчдийн ажилд  үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
Оролцогчид хүүхдийн эрхийн нөлөөллийн стратеги боловсрууллаа © Хүүхдийг Ивээх Сан
Оролцогчид хүүхдийн эрхийн нөлөөллийн стратеги боловсрууллаа © Хүүхдийг Ивээх Сан
Барбар Вурс сургалтын үеэр © Хүүхдийг Ивээх Сан
Барбар Вурс сургалтын үеэр © Хүүхдийг Ивээх Сан

Зохиолч, сэтгүүлч Барбара Вурс нь тус сангийн Хүүхдийн Эрхийн Засаглалын олон улсын бүлгийн гишүүн бөгөөд “Өсвөр Үеийнхний Дуу Хоолой” хэмээх өөрт хамаатай бүхий л асуудлаар санал бодлоо илэрхийлэх боломжийг хүүхдүүдэд олгосон судалгааг олон улсын түвшинд удирдан явуулжээ. Тус судалгааг Хүүхдийг Ивээх Сан Монгол улсад анх удаа хийсэн бөгөөд эндээс татаж унших боломжтой.

Түгээх: