Гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр үндэсний түвшинд үргэлжилнэ

Гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр үндэсний түвшинд үргэлжилнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/487 дугаар тушаалаар "Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр" батлагдлаа. Ингэснээр сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдах боломжгүй, 4-5 настай хүүхдүүд эцэг, эхийн тусламжтай гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэгдэх боломж бий болж байна.

Энэхүү хөтөлбөрийг Хүүхдийг Ивээх Сан Дэлхийн Банкны санхүүжилтээр БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлсэн "Алслагдсан Хөдөөгийн Малчдын Хүүхдүүдийн Бага Боловсролын Үр Дүнг Сайжруулах нь” 2012-2017 төслийн хүрээнд боловсруулж, нэвтрүүлснээр анх удаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй малчдын хүүхдүүдэд болон эцэг эхэд нь зориулсан сургалтын хөтөлбөр бий болсон билээ. Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

© Save the Children
© Save the Children

Харин одоо тус хөтөлбөр нь Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Сайдын тушаалаар үндэсний түвшинд буюу Улаанбаатар хотын дүүргүүд, 21 аймагт хэрэгжихээр боллоо. Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн танин мэдэхүй болон хэл ярианы чадварууд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдүүдийнхээс өндөр байсан бөгөөд хүүхдүүд ийнхүү сургуульд амжилттай бэлтгэгдэх нь тэдний цаашдын хичээл, сурлага, хөгжлийн суурь болж байгааг Дэлхийн Банкнаас хийсэн судалгаагаар тогтоожээ.

© Save the Children
© Save the Children

Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр нь:

  • Эцэг эхэд зориулсан “Та өөрөө багш” гарын авлага  (унших)
  • Хүүхдэд зориулсан “Би Чадна” гарын авлага (унших)
  • Нэмэлт цахим хэрэглэгдэхүүн
  • Эцэг эхийн сонсдог ном
  • Сургуулийг түшиглэн байгуулсан “Миний номын өргөө” зөөврийн ном, тоглоомын багцаас бүрддэг.

Хүүхдүүд ном, тоглоомын багцаа сургуулийн номын сангаас гэртээ авч явж хэрэглэдэг ба багцаа ашиглаж дууссаны дараа сургуулийн номын санд буцааж өгөөд, дараагийн шинэ багцыг авдаг юм. Хөтөлбөрийн явцад нийт 10 багц буюу 100 ширхэг ном, 30 төрлийн тоглоомыг ашиглаж суралцдаг байна.

Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөрөөр үзэж, судалсан зүйлсээ ном, тоглоомын багц дахь үлгэрийн ном, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор бататгаснаар хүүхэд сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан эзэмших ерөнхий чадваруудыг зохих түвшинд хөгжүүлэх боломж бүрдсэн билээ. “Хүүхдийг ивээх сан”-гийн боловсролын хөтөлбөрийн менежер Ц.Гэрэлтуяа ярихдаа:

“Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ гэр бүлдээ ажиллах хүсэл сонирхолтой байдаг. Гагцхүү хүүхэдтэйгээ яаж ажиллах арга барилаа мэддэггүй. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд малчид малаа маллангаа хүүхэдтэйгээ хэрхэн яаж ажиллаж болох вэ гэдэг арга зүйг маань заасан. Ингэхдээ “Та өөрөө багш” гэсэн нэртэй гарын авлага гаргасан. Хүүхэд гэр бүлтэйгээ байхдаа дасгал ажил хийнэ. Энэ нь “Би чадна” гэсэн гарын авлага юм.  Хөтөлбөрт багтсан хоёр гарын авлагын агуулгыг мал аж ахуйтай нь холбож өгсөн. Тиймээс ойлгомжтой сурахад хялбар байх болно. Өдөрт дор хаяж эцэг эхчүүд 20-30 минут хүүхэдтэйгээ ажиллах хэрэгтэй.Энэ нь тухайн хүүхдээ хөгжүүлэх хамгийн эхний алхам юм.”


Энэ бол Үүрийнцолмон охин.

Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөрөөр хичээллэн, гэртээ сургуулийн өмнөх боловсрол эзэмшин, бага сургуульд элсэн орж, амжилттай суралцаж буй Архангай аймгийн Өлзийт сумын малчин Анхболдын охин Үүрийнцолмонгийн түүхийг эндээс үзээрэй.


Нэмэлт мэдээлэл:"Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр"-ийн агуулга, үр дүнгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг

© Save the Children
© Save the Children
Түгээх: