Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх төслийн удирдах зөвлөлийн гишүүд хуралдлаа.

Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх төслийн удирдах зөвлөлийн гишүүд хуралдлаа.

2018-2022 онд үргэлжлэн хэрэгжих “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр /2018 оны 10 сарын 1/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар боллоо. Уулзалтад төслийн удирдах зөвлөлийн гишүүд болон төслийг санхүүжүүлэгч ЖАЙКА Олон улсын байгууллагын мэргэжилтнүүд оролцов. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун уулзалтыг нээж үг хэлэхдээ, өмнөх гурван жилийн хугацаанд хэрэгжсэн “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь I”  төслийн сургамж, сайн туршлагаас суралцсанаа хэрэгжүүлнэ гэсэн юм. Мөн ирэх дөрвөн жилд зорилтот 16 нэгж дээр тогтвортой ажилласнаар, үндэсний бусад сум, хороодод үлгэр жишээ болох зорилго тавин ажиллахаа илэрхийллээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун

Уулзалтын үеэр төслийн үйл ажиллагааны төлөвлөлт, хамтын ажиллагаа, салбар дундын зохицуулалт, хэвлэл мэдээллээр явуулах нөлөөллийн үйл ажиллагаа, төсөлд хамрагдсан сум, баг, хорооны хамтарсан багийн сайн туршлагыг сурталчлан таниулах гэх зэрэг үйл ажиллагааны талаар ярилцлаа. Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаснаар, зорилтот хамтарсан багийн болон холбогдох байгууллагуудын чадавхи, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар нэмэгдсэн байхыг зорьж байгаа тухай төслийг хамтран хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьханд тайлбарласан юм.

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьханд
Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьханд

Энэхүү төслийг дэмжиж ажиллана гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа илэрхийлж байлаа. Төслийг санхүүжүүлэгч ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөл төслийн нэгдүгээр шатны үр дүн сайн гарсаныг онцлоод, хоёрдугаар шатанд хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжүүлэлт, төрийн болон бусад байгууллагын уялдаа холбоог сайжруулахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Харин Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Мицүаки Тоёода: “Орон нутаг, сум хороодын түвшинд удирдлага болон хамтарсан багийн гишүүдтэй нягт хамтран ажиллах саналыг дэмжиж байна гээд хүүхэд хамгааллын салбарт болж байгаа үйл явдлын тухай мэдээлэл гаргаж, жил бүр олон нийтэд тайлагнаж байх санал гаргасан юм.

ЖАЙКА олон улсын байгууллагын Боловсрол, Нийгмийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан мэргэжилтэн Фүжита Эри
ЖАЙКА олон улсын байгууллагын Боловсрол, Нийгмийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан мэргэжилтэн Фүжита Эри

Дашрамд дурьдахад 2015 - 2018 онд хэрэгжсэн төслийн нэгдүгээр үед шатад Улаанбаатар хотоос Баянзүрх дүүргийн 23, 27 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 2, 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороо болон Архангай аймгийн Батцэнгэл сум, Хайрхан сум, Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн хамтарсан багууд хамрагдаж байсан. Энэ удаа Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо болон Архангай аймгийн Чулуут сум, Дорнод аймгийн Баян-Уул сум, Халхгол сум болон Хэрлэн сумын 4 дүгээр баг гэсэн 7 нэгж, нийтдээ 16 төрийн анхан шатны нэгжийн хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй ажиллах хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин, мэргэжил аргазүйн хувьд дэмжин ажиллахаар төлөвлөжээ. 2018-2022 онд үргэлжлэн хэрэгжих “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн үр шим хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий 128 хамтарсан багийн гишүүн болон хүүхдийн хамгаалагдах эрхийг хангах үүрэг бүхий 40 төрийн албан хаагч, мөн төсөлд хамрагдахаар сонгогдсон зорилтот сум, баг, хорооны 1,065 эцэг эх, асран хамгаалагчид, 160 хүүхдэд хүрэх аж.

Түгээх: