“Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь”             төслийн II үе шат эхэллээ

“Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шат эхэллээ

ИРГЭД ТӨРӨӨС ХАРИУЦЛАГА НЭХЭЖ, ТӨР ИРГЭДИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛНЭ

Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл 2015 оноос 10 аймаг, нийслэл хотын 3 дүүрэгт (Ховд, Увс, Хөвсгөл,Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай болон Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй) хэрэгжиж байна. Швейцарын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Банкны хамтарсан санхүүжилттэй тус төслийн хоёрдугаар үе шатыг Хүүхдийг Ивээх Сан удирдаж байгаа юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол улс эдийн засаг, улс төрийн шилжилтийн хүрээнд чамгүй ахиц гаргасан хэдий ч төрийн үйлчилгээ нийт иргэдэд, ялангуяа хүнд нөхцөлд амьдарч буй иргэдэд шаардлагатай хэмжээнд хүрч чадахгүй хэвээр байна. Тиймээс уг төслийн хүрээнд иргэн-төрийн эргэх холбоог сайжруулах замаар орон нутгийн иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад үр дүнтэй оролцож, мөн чанартай үйлчилгээ авах боломжоор хангагдана.

Дэлхийн Банкны Ахлах  эдийн засагч Жийн-Паскалв Нгану нээлтийн үг хэллээ ©А.Дэлгэрмаа/Хүүхдийг Ивээх Сан
Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч Жийн-Паскалв Нгану нээлтийн үг хэллээ ©А.Дэлгэрмаа/Хүүхдийг Ивээх Сан

Нийгмийн эгэх (хойш буцах, эргэх) хариуцлага гэдэг нь “зохион байгуулалттай, чадваржсан иргэд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдийн эрхийг хамгаалахын төлөө төрийн ажиллагаанд бүтээлчээр оролцож, үр дүнг хянах үйл явц юм”. Тухайлбал, иргэд сонгуульд санал өгөхдөө хариуцлага асуух төдийгүй сонгуулийн дараа ч төрийн албан тушаалтнаас ажил үүргийн гүйцэтгэлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байхыг шаардаж, төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг байх учиртай.

Нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт гарын авлагаас.
Нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт гарын авлагаас.

Харин төрийн албан хаагчид албан үүргийнхээ хүрээнд хийсэн ажлаа иргэдэд тайлагнах, мэдээлэх, мөн тэдэнтэй тухайн асуудлын талаар харилцан ярилцах шаардлагатай байдаг. Товчоор бол, нийгмийн эгэх хариуцлага нь нэг талаас иргэд төрөөс хариуцлага нэхэх эрхээ эдлэх, нөгөө талаас төр иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хоёр талын харилцааны ойлголт юм.

“Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шат (2015-2017) нь тухайн орон нутагт эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд төслүүдийг дэмжих замаар 10 аймаг, гурван дүүргийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид болон бусад оролцогч талуудын техникийн болон зохион байгуулах чадавхыг сайжруулахад чиглэсэн юм. Төслийн явцад нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, аргачлалуудад суралцсан оролцогч талууд сайн дураар нэгдэн, өөрийн орон нутаг дахь эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамгийн тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, түүнийгээ шийдвэрлэхээр хамтран ажилласан. Орон нутгийн түвшний энэхүү хамтын ажиллагаа нь шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах хийгээд иргэн, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төрийн байгууллага, шийдвэр гаргагчдад хариуцлага тооцох, харилцан ярилцах үйл явцад эергээр нөлөөлсөн үр дүнгүүд бий болгожээ.

Төслийн хоёрдугаар үе шатны хүрээнд (2018-2020) дэд төслүүдийг үргэлжлүүлэн дэмжих ба техникийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эхний хоёр жилд гарсан үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно. Төслийг удирдаж буй Хүүхдийг Ивээх Сан орон нутаг дахь төрийн бус байгууллагууд ба дэд төсөл хэрэгжүүлэгч талуудтай нягт хамтран ажиллаж, төслийн хүрээн дэх үр дүнтэй үйл ажиллагаа, сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллана.

Нийгмийн эгэх хариуцлага ба төслийн хүрээнд хэрэгжсэн ажил, тэдгээрийн үр дүнгийн талаарх мэдээллийг www.irgen-tur.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Түгээх: