Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах нь төсөл 65 дугаар сургууль дээр...

Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах нь төсөл 65 дугаар сургууль дээр...

“Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл”-ийг санхүүжүүлэгч Япон Улсын Гадаад Хэргийн Яамны мэргэжилтэн ноён Нива төслийг хэрэгжүүлж буй Хүүхдийг Ивээх Сангийн холбогдох ажилтнуудын хамт Нийслэлийн Ерөнхий Боловсролын 65 дугаар сургууль дээр хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай бодитоор танилцсан юм.

Сургуулийн захирал Ч.Хишигмаа төслийн багийнхныг хүлээн авч, багш, сурагчид болон суралцах орчны тухай танилцууллаа. Сонгинохайрхан дүүрэгт байрлах 65-р сургууль нь 101 бүлэгтэй ба нийт 3,684 сурагчтай. Энэ дунд хөгжлийн ялгаатай 26 хүүхэд суралцаж байна. Төслийн хүрээнд хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг судалгаанд хамруулсан ба сурагч нэг бүрийн, эцэг эх, багштай хамтран дэлгэрэнгүй судалгааг авч анализ хийсэн тухай сургуулийн нийгмийн ажилтан Т.Шижирмаа тайлбарлав. Судалгааг үндэслэн төслийн үйл ажиллагааг дэмжих ажиллах хэсгийг байгуулан, хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн сурах үйл явцыг дэмжих, багшийн хамтын үйл ажиллагаа, эцэг эх, олон нийтийн оролцоо чиглэлээр ажиллаж байна.

Төслийн эхний үе шатанд бий болсон үр дүнгүүдээс дурдвал:

  • Сургуулийн нийт удирдах ажилтан, багш, ажилтнууд хөгжлийн ялгаатай хүүхэдтэй хандах, хандлага, харилцаа зэрэгт анхааран тэдэнд туслан дэмждэг болжээ
  • Сургуулийн эмч, номын санч болон бусад ажилтнууд тэдэнд тавих анхаарал нэмэгдсэн байна
  • Эцэг эхийн оролцоо нэмэгдэж, хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гарсан
  • Багш нарын арга зүй, хүүхэд болон эцэг эхтэй хамтран ажиллаж, харилцааны эерэг уур амьсгалыг бий болгож байна

Төслийн хүрээнд сургуулийн багш, эцэг эхчүүд, удирдлага холбогдох хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, өрхийн эмч, Насан Туршийн Боловсролын Төвийн удирдлага, мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай байна.  

Төслийн багийнхан хүүхдүүдийн эцэг эхтэй уулзах үеэр сурагч Дөлгөөний ээж Ууганцэцэг сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

“Манай хүүхэд одоо 10 настай. Сургуульд орох нас нь болох үед олон сургууль дээр очиж охиныг маань аваач гэж гуйж байсан ч аль нь ч зөвшөөрөөгүй. Бусдаас ялгаатай, өөр байдлаас нь төвөгшөөсөн байх л даа. Харин төсөлд хамрагдаж байгаа 65-р сургуулийн удирдлагууд бидний хүсэлтийг нааштай хүлээн авсан. Одоо охин маань сургуульдаа сайн явж байгаа. Амралтын өдрөөр ч хичээлдээ явмаар байна гээд зүгээр суулгадаггүй. Охинд маань энгийн орчинд сурч хөгжих боломж олгосон та бүхэндээ маш их баярлалаа.”

Тэгш хамруулан сургах боловсрол гэдэг нь ялгаатай чадамжтай, өөр өөр хэрэгцээ бүхий хүүхдүүд нэг ангид суралцаж, сургууль дээрх үйл ажиллагаанд хамтдаа оролцон бие биенээ ойлгон дэмжих орчин бүрдэх юм.
Хүүхдийг Ивээх Сан энэхүү зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 3-р сараас “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг Япон улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Төсөлд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, мөн Өвөрхангай, Ховд аймаг хамрагдаж байна.

Түгээх: