“НИЙГЭМШҮҮЛЭХ ЦИРК” ХӨТӨЛБӨР – МОНГОЛД

“НИЙГЭМШҮҮЛЭХ ЦИРК” ХӨТӨЛБӨР – МОНГОЛД

Дэлхийд алдартай Канадын ”Нарны цирк” корпораци нь циркийн урлагаар дамжуулан хүнд нөхцөл дэх хүүхэд, залуусын хувь хүний болон нийгмийн ур чадварыг хөгжүүлэх өвөрмөц аргазүйг 1995 оноос эхлүүлэн эдүгээ дэлхийн 56 гаруй оронд уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Хүүхдийг Ивээх Сан нь хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн хувийн чадвар, туршлага, нийгмийн харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд циркийн урлагт суурилсан нийгмийн ажлын үйлчилгээний энэхүү өвөрмөц шинэлэг аргазүйг Монгол Улсад анх 1999 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэ хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх дасгалжуулагч багш, нийгмийн ажилтныг бэлтгэх Олон улсын болон дотоодын сургалтыг ”Нарны цирк”-тэй хамтран зохион байгуулж үүнд хүүхдэд халамж хамгаалал, боловсролын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус, нийслэл, орон нутгийн 30 гаруй байгууллагын 70 ажилтан бэлтгэгджээ. Хөтөлбөрт Хүүхдийг Ивээх Сангийн халамжийн төвүүд, Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хөгжил, хамгааллын төвүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 411-р анги, боловсрол нөхөн эзэмшүүлэх албан бус боловсролын төвүүд, дотуур байранд амьдардаг малчин өрхийн, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг гэх мэт эрсдэлтэй хүнд нөхцөлд амьдардаг, халамж хамгаалал шаардлагатай 10,000 гаруй хүүхдийн хамгааллын нөхцөл байдлыг сайжруулан ажилласан байна.

Цаашид Канадын “Нарны цирк”-ийн санхүүгийн дэмжлэг дуусгавар болж байгаа хэдий ч Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа “Насан туршийн боловсролын үндэсний төв” хөтөлбөрийг цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх эхлэлийг тавин хамтран ажиллаж байна.

Хүүхдийг Ивээх Сан “Нийгэмшүүлэх цирк” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн туршлага, үр дүнгээ дүгнэх тайлан уулзалтыг 2015 оны 12 дугаар сарын 22-нд  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан юм. Тайлан уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн цагдаагийн газрын төлөөллүүд оролцжээ. 

Нийгэмшүүлэх Циркийн хүүхдүүд
Нийгэмшүүлэх Циркийн хүүхдүүд
Түгээх: