Хамтарсан багийнхан баялаг туршлага хуримтлуулжээ

Хамтарсан багийнхан баялаг туршлага хуримтлуулжээ

Хүүхдийг Ивээх Сангийн чадавхижуулах төсөлд хамрагдаж байгаа нийслэл хот болон орон нутгийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд 2018 оныг хийж бүтээснээ хуваалцсанаар эхлүүлээ. Өнгөрсөн намар болсон туршлага солилцох уулзалтаар нийслэл хотын хамтарсан багийн гишүүд Архангай аймагт очиж, тэндэхийн хамтарсан багуудын үйл ажиллагаатай танилцан туршлага солилцсон бол энэ удаад Архангай аймгийн Эрдэнэбулган, Батцэнгэл, Хайрхан сумдын хамтарсан багийн гишүүдийг хүлээн авч, өөрсдийн хороодод хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, сайн туршлагуудаа танилцуулжээ.

1 сарын 8, 9, 10-ны өдрүүдэд туршлага солилцох уулзалт хийлээ. ©Хүүхдийг Ивээх Сан
1 сарын 8, 9, 10-ны өдрүүдэд туршлага солилцох уулзалт хийлээ. ©Хүүхдийг Ивээх Сан

Үүний дараа Архангай аймгаас ирсэн хамтарсан багийн гишүүдийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хамгаалал, хөгжлийн газрын дарга Ц.Алтанзаяа, Хүүхдийн эрхийн бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ариунтуяа, Гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг нар хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар үндэсний хэмжээнд хүүхэд хамгаалал, хамтарсан багийн талаар баримталж буй бодлого, хийгдэж буй үйл ажиллагаа зэргийг дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Хүүхэд хамгааллын хамтарсан баг гэдэг нь гэр бүл, хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилготой сум, хорооны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг юм.
Хамтарсан багуудын туршлага солилцох уулзалтын үеэр ©Хүүхдийг Ивээх Сан
Хамтарсан багуудын туршлага солилцох уулзалтын үеэр ©Хүүхдийг Ивээх Сан

Улаанбаатар хотын хувьд хүүхэд хамгааллын нөхцөл байдал нь аймгаас ялгаатай. Тиймээс Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа хороодод тулгардаг асуудал, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, үйлчилгээний одоогийн болон цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгчээ. Заримдаа анхан шатны нэгжид ажиллаж байгаа мэргэжилтнүүд хууль эрхзүйн өндөр мэдлэгтэй байх шаардлага гардаг. Тиймээс Архангай аймгийн хамтарсан багийн гишүүд маань туршлага солилцох аяллын явцад өмгөөлөгч, прокурорын байгууллагын ажилтнуудаас практик зөвлөгөө авлаа.

Хамтарсан багийн гишүүд: Туршлага солилцох уулзалт нь хүүхэд, гэр бүлд илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай мэдлэг, цаг үеэ олсон мэдээллээр дүүрэн байсан.

Туршлага солилцох уулзалтыг ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэг бүхий “Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоох бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан юм. Улаанбаатар хотын 6 хороо, Архангай аймгийн 3 сумын хамтарсан багийг чадавхижуулах зорилготой энэхүү төслийг Хүүхдийг Ивээх Сан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран, гуравдахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан чадавхижуулах, мэргэшүүлэх олон арга хэмжээний үеэр төсөлд хамрагдаж буй сум, хороодын хамтарсан багийн гишүүд маань нэгдэж, нэг том баг болж чадсан юм. Тиймээс ч Улаанбаатар хотын хамтарсан багийнхан Архангай аймгаас ирсэн багууддаа зориулан спортын гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, аваргаа шалгарууллаа. Тэмцээнд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны хамтарсан баг тэргүүлж, Баянзүрх дүүргийн 27-р хороо удаалж, Архангай аймгийн Батцэнгэл сумын хамтарсан баг гуравдугаар байранд оржээ. Энэ нь төрийн анхан шатны нэгж дээр өндөр ачаалалтай ажилладаг хүмүүсийн хувьд сэтгэл сэргээсэн, урам өгсөн сайхан үйл ажиллагаа боллоо.

3 хоногийн турш шахуу хөтөлбөрөөр суралцаж, туршлага судалсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Батцэнгэл сум, Хайрхан сумынхан маань нутагтаа очоод хийж бүтээх санаа, оноогоор дүүрэн буцлаа. Цэрэг татлага, Цалинтай ээжийн хөтөлбөр гээд хорооны ажил буцалж байсан энэ үед хийж бүтээснээ харамгүй хуваалцан, гар бөмбөгийн тэмцээн, үдэлтийн хүлээн авалт зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн 9, 10-р хороо, Баянзүрх дүүргийн 23, 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 2, 10-р хороодын атгасан гар шиг хамтарсан БАГИЙНХАНДАА баяр хүргэе! Та бидний хамтын ажиллагаа олон мянган Монгол хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч, хүүхдийн аюулгүй амьдрах, хамгаалагдах эрх хангагдана гэдэгт бид итгэл дүүрэн байна.


- Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын төслийн баг

Түгээх: