Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл үр дүнгээ танилцууллаа

Хүүхдийг Ивээх Сан Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийг Сүхбаатар, Говьсүмбэр, Өвөрхангай, Завхан, Ховд аймгийн 29 суманд амжилттай хэрэгжүүлсэн юм.

Энэхүү төслөөр 14-25 насны өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх зорилготой байлаа. Төслийн үр дүнгийн семинар 2025 оны 6 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод болов. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Дэлхийн Банкны ахлах эдийн засагч, төслийн багийн ахлагч ахлагч Салман Асим, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар арга хэмжээг нээж, үг хэллээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү: Төслийн хүрээнд орон нутгийн Засаг захиргаа, хувийн хэвшил, иргэд, сурагчдын хооронд нягт хамтын ажиллагаа бий болж, хүүхэд, залуучуудын хөгжилд нийтээрээ оролцдог шинэ хандлага бий болж байна. Төсөлд хамрагдсан хүүхэд, залуус ур чадвараа дээшлүүлснээр өөрсдийн нөөц боломжийг нээхээс гадна илүү өргөн хүрээнд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Тэд орон нутагтаа хөгжлийн хөдөлгүүр болж, орон нутагтаа бизнес шинэ боломжуудыг бий болгож чадна. Тэдний цаашдын амжилтад найдаж байна.

 

Дэлхийн Банкны ахлах эдийн засагч, төслийн багийн ахлагч ахлагч Салман Асим: Орон нутгийн хүүхэд, залуусыг зөвхөн сургуулиа сайн төгсөхөөс гадна амьдралд бие даан, амжилттай оролцож чадахуйц хувь хүний ур чадвар, бизнесийн мэдлэг олгохыг зорин хэрэгжсэн төсөл байлаа. Энэ төсөл зөвхөн сургалт явуулах биш хүүхэд, залууст тэгш байдал, хүртээмж, эрхэм чанар, боломжуудыг бий болгосон юм.

 

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай: Төслийн хүрээнд хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, тэднийг ирээдүйд бэлтгэх үйл ажиллагаанд системын онолын үүднээс цогцоор хандаж, ESEL экосистемийг бий болгон хөгжүүллээ. Энэхүү экосистем нь бидний төслийн тогтвортой байдлын хангах луужин болон чиглүүлэх болно. Төслийн амжилтад чухал үүрэг гүйцэтгэн, төслийг эхнээс нь дэмжиж ажилласан Боловсролын яам, Боловсролын Ерөнхий Газар, төслийг газар дээр нь гардан хэрэгжүүлсэн аймаг, сумдын удирдлага, сургууль, багш нар, хамтрагч талууд, төслийн зөвлөхүүд болон төслийн баг хамт олондоо талархал илэрхийлье.

Төслийн үр дүнгийн семинарт Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Төслийн аймгийн зөвлөлийн дарга Х.Баасанхүү, Өвөрхангай ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Сайнжаргал, Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Нарангарав, Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содномоор ахлуулсан Ховд, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн төлөөллүүд оролцлоо.

Төслийн хүрээнд орон нутгийн хүүхэд, залуусын хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэлэг хэлбэрийн Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох сургалтын хөтөлбөр буюу ESEL хөтөлбөрийг боловсруулж нэвтрүүллээ. Тус хөтөлбөр нь практик үйл ажиллагаанд оролцох замаар суралцагчдын хувь хүний ур чадварыг хөгжүүлэх боломж олгосон юм. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, чиглүүлэх үүрэгтэй 594 ESEL хөтөлбөрийн багш/зөвлөх, үүнээс багш бэлтгэх эрхтэй ESEL-ийн 50 Мастер багшийг бэлдэж, 5 аймгийн 29 сумын 35 Ерөнхий боловсролын сургууль, 25 Насан туршийн сургалтын нэгж, 6 Мэргэжлийн боловсролын 8,773 хүүхэд, залуусыг ESEL хөтөлбөрт хамруулсан байна.

Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Төслийн аймгийн зөвлөлийн дарга Х.Баасанхүү: Энэ төсөл Ховд аймагт үр дүнтэй хэрэгжсэн хөтөлбөрүүдийн нэг. Төслөө дуусгахгүй цаашид хэрэгжээгүй сумдад өргөжүүлэх, бэлтгэгдсэн сургагч багш нараа ашиглан бусад сумуудаа хамруулах хүсэлтэй байгаа. Аймгийн зүгээс дэмжин ажиллахаар төлөвлөж байна.

 

Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа: Монгол орны алслагдсан 5 аймгийн 25 суманд ирээдүй хойч үеийн хүүхэд залууст дэлхийд трэнд болж буй хувь хүний ур чадвар, энтрепренерийн мэдлэг олгож улс орны ирээдүйд хөрөнгө оруулсан Японы Нийгмийн хөгжлийн Сан, Дэлхийн банк, Японы Хүүхдийг Ивээх Санд баярлалаа. Завхан аймагт өнгөрсөн 5.5 жилийн хугацаанд зорилтот 6 сумдад 1947 хүүхэд залуус ESEL сургалтад амжилттай хамрагдаж, 204 сая төгрөгийн 72 бичил төслийг хэрэгжүүлж өөрсдийн санаагаа бизнес болгон туршиж хөгжсөн байна. Хэдийгээр төсөл дуусч байгаа хэдий ч төслийн хүрээнд брэнд болтлоо хөгжиж үр өгөөжөө өгсөн ESEL Сургалт Пич уралдааныг Хүүхдийг Ивээх Сантай хамтран Завхан аймгийн 24 суманд 2028 он хүртэл шат дараатайгаар хэрэгжүүлэх хүсэлтийг Завхан аймгийн зүгээс санал тавьсан бөгөөд алслагдсан сумдын хүүхэд залуусын хувь хүний ур чадварыг хөгжүүлж ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, хүний хөгжилд анхаарах нь зүйтэй хэмээн үзэж талууд хоёр талаасаа боломжит шийдвэрүүд гарган ажиллахаар хэлэлцэж байна.

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийн ESEL хөтөлбөр нь Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрт заавал судлах хичээлийн нэг болж, 2024-2025 оны хичээлийн жилээс Монгол Улсын хэмжээнд бүх Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн мэргэжлийн боловсролын 2-р ангид 10,000 орчим суралцагч судалж эхлээд байна.

ESEL сургалтын хөтөлбөрт хамрагдсан 3286 хүүхэд, залуус баг болж, орон нутагтаа тулгарч буй асуудлыг шийдвэрлэх бичил төслийн шалгаруулалтад орж, 1471 нь тэнцсэн байна.  Нийт 360 бичил төсөл хэрэгжүүлж, баг тус бүр 1000 ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг аван ESEL сургалтын хөтөлбөрийн хүрээнд эзэмшсэн мэдлэг ойлголт, ур чадвар, сэтгэлгээгээ бодитоор туршиж, бататгажээ.

Тус төслөөр энтрепренершип боловсрол, үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сургуульд суурилсан энтерпрайз” санаачилгыг таван аймгийн зорилтот 6 сургуульд санхүүжүүлж, орон нутгийн хэмжээнд анх удаагаа амжилттай туршин хэрэгжүүллээ.

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном: Нэгдүгээрт, төсөлд хамрагдсан суралцагчид бизнесс сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, хувь хүний харилцаа хандлага зэрэг зүйлүүдэд эерэг нөлөө үзүүлдэг сайхан төсөл байлаа. Хоёрдугаарт, төслийн оролцогчид болох аймаг, сумын удирдлагууд, сургуулийн хамт олон, багш нар, бизнесс көүч зэргээс бүрдсэн чадварлаг хамт олонтой хүний нөөцтэй болсон давуу тал байна. Төслийг тогтвортой үргэлжлүүлэх,  сайжруулах зорилгоор энэ жил манай аймаг сумдын төсөвт 52 сая төгрөг тусгаж, дэмжин ажиллаж байна.

 

Өвөрхангай ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Сайнжаргал: Төслийн өгөөж юугаар ч хэмжиж үл болох үр дүн ач холбогдол бий болгосон. Иймд энэ төслийг аймаг, орон нутагтаа нутагшуулах нь чухал гэж үзэж байна. Аймгийн удирдлагууд, Төслийн аймгийн зөвлөл энэ тал дээр санаачилга гаргаж ажиллаж байгаа.

Үүнээс гадна орон нутгийн түвшинд 5 бизнес көүч, 211 ментор, 224 үе тэнгийн ментор бэлтгэн чадавхжуулж, төслийн үйл ажиллагаанд татан оруулснаар хүүхэд, залуучуудын хувь хүний ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болсон байна.

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төсөл цаашид тогтвортой байдлаа хадгалахаар стратегиа боловсруулж, Боловсролын ерөнхий газарт гардуулан өглөө. (Тогтвортой байдлын стратеги уншина уу) Тухайлбал, Завхан аймаг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон ХИС-ийн салбарын ажилтнуудын цалингийн зардлыг орон нутгаасаа санхүүжүүлэх санал гаргаж, ХИС-тэй гэрээ байгуулан ажиллахаар боллоо. Түүнчлэн Ховд аймаг “Ховдын ирээдүй боловсролын хөтөлбөр” баталж, тус хөтөлбөрийн хүрээнд төслийн үр дүнг аймагтаа түгээн ажиллах төлөвлөлт хийж байгаагаа илэрхийлж, ХИС-аас мэргэжлийн дэмжлэг хүслээ. Говьсүмбэр, Сүхбаатар, Өвөрхангай аймгууд үндсэн үйл ажиллагаатайгаа уялдуулан тодорхой төсөв, удирдамж гарган, төслийн бусад сумандаа ESEL хөтөлбөрийг нэвтрүүлж эхлээд байна.

Үр дүнгийн семинарт Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон улсын элчин сайдын яам, Дэлхийн банк, бусад холбогдох яамдууд, төсөл хэрэгжүүлсэн аймаг сумдын удирдлага, сургууль, хүүхэд залуучуудын төлөөлөл болон бусад олон улсын болон үндэсний төрийн бус байгууллагын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцлоо.

Хүүхдийг Ивээх Сангаас өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын олон аймаг, сумын хүүхэд, залуучуудад чухал нөлөө үзүүлсэн энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжин тусалсан бүх оролцогч тал болон түнш байгууллагуудаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.