Хүүхэд хамгаалал, боловсролын салбарт Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ (2020)
2020 онд Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбоотой Хүүхдийг Ивээх Сангийн Хүмүүнлэгийн хөтөлбөр нь хүүхэд хамгаалал, боловсролын салбарт урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлд онцгой анхаарал хандууллаа. Ингэхдээ Монгол Улсын Хүмүүнлэгийн Багийн Боловсролын кластерийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран удирдаж, нэгдсэн зохицуулалтаар хангаж ажиллав.
Боловсролын кластерийн Ковид-19 цар тахлын нөхцөлд ажиллах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг хамтран боловсруулж, БШУЯ-аар батлуулан, төлөвлөгөөг ханган ажиллалаа. Түүнчлэн, нийслэлийн иж бүрэн дадлага сургуульд кластерийг төлөөлөн оролцох, теле хичээлийн үр дүнг үнэлэх судалгааны ажлын даалгаврыг боловсруулах зэрэг холбогдох техникийн тусламж үзүүлэв.
2020 оны 4-5 дугаар сард НҮБ-ын Хүүхдийн Сангийн бичил санхүүжилтийн дэмжлэгээр “Та хүүхдэдээ сургуульд орохын өмнө хэрхэн туслах вэ?” хэмээх гарын авлагыг 81,000 хувь хэвлүүлэн бүх аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтсүүдэд түгээлээ. Энэхүү гарын авлагад хүүхэд сургуульд элсэн суралцахад нэн тэргүүнд анхаарч хөгжүүлбэл зохих чадвар, дадлыг тодорхойлж, эцэг эхийн зүгээс үзүүлэх дэмжлэг, санамж зөвлөгөөг оруулжээ. Түүнчлэн, нэгдүгээр ангийн хүүхдийн цүнхийг сонгох, гарын ариун цэвэр сахих зэрэг практик зөвлөгөөг багтаасан юм.
Ковид-19 цар тахлын хөл хорионы үед хүүхэд, эцэг эхийн нийгэм, сэтгэлзүйн сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор 2020 оны 3-5 дугаар сард Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллав. Үүнд хүүхэд, гэр бүлд нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх 6 модуль бүхий цахим сургалт боловсруулж, 21 аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэдтэй ажилладаг хүүхэд хамгааллын 228 мэргэжилтэнд уг сургалтыг зохион байгуулж, цахим зөвлөгөө өгч ажиллав. Мөн олон нийт, эцэг эх, асран хамгаалагч, хүүхдэд зориулсан нийгэм, сэтгэлзүйг нь дэмжих зурагт хуудас-зөвлөмжүүдийг боловсруулж, олон нийтийн цахим сүлжээгээр түгээв.
Бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан Ковид-19 цар тахлын талаар энгийн, зөв мэдээлэл өгөх, тэдний санаа зовнилыг бууруулах зорилгоор дараах ном, гарын авлагуудыг боловсруулан, зорилтот бүлгийн уншигчдад хүргүүлэв. Үүнд: Олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулдаг Байгууллага хоорондын байнгын хорооны Сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүйн ажлын хэсгээс эрхлэн гаргасан “Чи бол миний баатар” хүүхдэд зориулсан зурагт номыг Хүүхдийг Ивээх Сан албан ёсны зөвшөөрөл авч орчуулан, 3,750 ширхгийг хэвлүүлж Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, өөрийн төсөл, хөтөлбөр хэрэгждэг 7 аймаг, гурван дүүргийн сургууль, цэцэрлэгүүд, хамтрагч байгууллагад хүргэв. Мөн тус номыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10,000 ширхэг хэвлэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр дамжуулан тараасан ба видео хувилбарыг бэлтгэн хүүхдийн хүртээл болгов.
Ковид-19 цар тахлын гэр бүл, хүүхдэд үзүүлж буй нөлөөг судлах түргэвчилсэн үнэлгээг 2020 оны 5 дугаар сард өөрийн төсөл хөтөлбөр хэрэгждэг 7 аймаг, гурван дүүргийг хамруулан зохион байгуулав. Үнэлгээг хүүхэд хамгаалал, боловсрол, хүнсний аюулгүй байдал ба амьжиргаа гэсэн гурван чиглэлээр хийсэн ба нийт 555 өрх, 59 хүүхэд, тухайн салбарт ажилладаг 108 мэргэжлийн төлөөллийг хамруулсан юм. Үнэлгээний тайланг монгол, англи хэлээр бэлтгэн НҮБ-аар ахлуулсан Олон улсын байгууллагуудын хүмүүнлэгийн баг, Боловсролын кластер болон олон нийтэд түгээв.